Хоёр шатны НҮҮРСНИЙ сонсгол, Сонгуулийн томсгосон тойрог болон цаг үеийн бусад асуудлаар БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Саяхан өндөрлөсөн хоёр шатны нүүрсний сонсголд та анхаарал хэр хандуулав. Явц, үр дүнг юу гэж харж байна вэ?
-Тэгэхээр сонсгол шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа биш. Нүүрсний салбарт юу болоод байна, эндээс ашиг олоод байна уу, бүх нүүрсээ газар нутагтайгаа алдсан уу гэдгийг иргэдэд ойлгуулах журмаар сонсголыг хийсэн гэж бодож байна.
Сонсголыг үндэслээд, хууль хяналтын байгууллагууд дохио авч, цааш нь мөрдөн шалгаж, хулгайчидтайгаа тэмцэх хэрэгтэй. Улстөрийн шийдвэр нь гарчихлаа шүү дээ. Нүүрсний салбарт хулгай дээрэм байгаа учраас ашиг орлого нэмэгдэхгүй, шударга бус баялагийн хуваарилалт явагдаад байгаа нь ил боллоо. Тээврээр аман дээрээс нь нүүрс өгөөд, гурав дахин илүү үнээр тээвэрлэлт хийснийг ч ярилаа.
Том, жижиг Тавантолгой бол социализмын үед Монгол Улсын Засгийн газар ЗХУ-ын геологичидтой ярьж байгаад, хайгуулж хийж, энэ ордын ТЭЗҮ, нөөцийг баталчихсан. Тиймээс үүн дээр хэн нэгэн олон юм “донгосоод” хэрэггүй. Жижиг Тавантолгой орон нутагт байлаа гээд юу нь хөгжсөн юм бэ. Жолоочид нь аятайхан усанд орчих газар ч алга. Хэн баяжсан бэ гэхээр тэнд байдаг хэдэн дарга нар УИХ-ын хэдэн гишүүнтэй нийлж хулгайлаад баяжсан. Өмнөговьчууд баяжаагүй. Ер нь орон нутгийн өмч нэрийн дор Засаг, захиргааны дарга нар дураараа аашилдаг болсон. Тэр бүү хэл, Баян-Өлгий аймгийн газар нутагт казак нэр өгчихсөн байна шүү дээ. Тийм учраас орон нутгийн өмч нэртэй үлгэр ярьдгаа болих хэрэгтэй. 20,30 жил идэж, цуслалаа. Яасан ханаж, цаддаггүй юм.
Харин том Тавантолгойн хулгайг цагдаа, шүүх, прокурорынхон үргэлжлүүлэн ухаад, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Зүгээр ингээд хаяж болохгүй.
-Нүүрсний сонсголоор тодорхой мэдээллүүд ил боллоо. Эрх баригч намын зарим сайд, дарга нар ч гэрчээр оролцсон. Харин АН-ын зүгээс “Зөвхөн сөрөг хүчний гишүүдээ намначихлаа” гэж үзсэн. Та ямар байр суурьтай байна вэ?
-Яах вэ дээ, сөрөг хүчин чааваас даа. Манай АН-ынхан нэр нүүрээ баасдаад дууслаа. Гэхдээ одоогийн хүмүүс нь биш, өмнөх гишүүд, дарга нар нь л даа. Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний луйвар, хулгайд оролцчихсон байна. Ингээд АН нэр нүүрээ бүр хөөдөөд, харлуулаад дуусчихлаа. Нөгөө талдаа МАН-ынхан гэж болдоггүй нөхөд байна. Тэгэхээр энэ хоёр нам 20-30 жил төрийн эрх барьж байхдаа гаргасан том том асуудлууд нь ил гарлаа. Энэ бол том амжилт.
Би улстөрийн намын даргын хувьд 2035 он хүртэл ойрын 10 жилд бид жилд 100-200 сая тонн нүүрс гаргах мастер төлөвлөгөө гаргах шаардлагатай гэж үзэж байна. Тэгвэл олон хүний ажил амьдрал сайжирна.
-Өмнө нь Хөгжлийн банкны сонсгол болсон шүү дээ. Нүүрсний сонсголын хувьд үүнээс хэр ахицтай болов. Хөгжлийн банкны сонсголоор тантай холбоотой зээлийн мэдээлэл ил болсон байдаг даа?
-Сонсголоор өсөрхөж, хүнийг харлуулах байдлаар хандаж болохгүй. Сонсголоор нийгэм эдийн засагт болж буй асуудлыг байгаагаар нь л гаргах хэрэгтэй. Намайг улаан цайм гөрдөж байна лээ. Би зээл авсан байсан ч яадаг юм. Та нар авч болдог, бид авч болохгүй юу, хэдэн дарга нар бүгдийг нь хуваагаад авах ёстой юу? Би “Тийм ээ, аваагүй юм чинь юуг нь төлдөг юм, төлөхгүй ээ” гэсэн чинь таслаад, улстөржүүлээд бичлэг тавьсан байна лээ.
Манайх Хөгжлийн банктай харьцаж байгаагүй, данс байхгүй, албан ёсны өргөдөл гэж байхгүй. Тэр Хөгжлийн банкны нөхөд гэж бусдыг гүжирдэж байна. Бусдыг гүтгэнэ гэдэг чинь эрүүгийн хариуцлагатай шүү, амаа мэдэж далжиганах хэрэгтэй.
Хөгжлийн банкнаас тодорхойлолт авсан чинь “Манайд ямар нэгэн өр төлбөр” гэж гарч ирсэн. Бичиг баримтуудаа бүгдийг нь фэйсбүүк дээр тавьчихна.
Товчхондоо, сонсгол бол хүн гүтгэж харлуулдаг тоглоом биш шүү. Ялангуяа, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуцлагатай хандах хэрэгтэй. Дараа нь хамгийн том хариуцлага хүлээнэ шүү. Жишээлбэл, тэр Ж.Сүхбаатар гэж нөхөр намайг “Эндээс гар, зайл” гээд хашгираад байсан. Ногоон автобус нь “ногоон” Ж.Сүхбаатар болчихсон. Явж явж хүн доромжилдог хүмүүс өөрсдөө хулгайч болчих юм даа.
-Дараагийн асуудал ТОМСГОСОН ТОЙРОГ. Ирэх сонгуулиас эхлээд томсгосон тойргоор явахаар болчихлоо. Энэ нь эерэг болон сөрөг талтай гэж улстөрийн хүрээнд ярьж байна. Ялангуяа, сөрөг тал нь жижиг нам, эвсэл болон бие даагчдын сонгогдох найдвар буурна гэж яригдаад буй. Ер нь та 2024 онд нэр дэвших үү?
"Намайг битгий нэр дэвшээсэй гэж айцгааж байна"
-Би нэр дэвшинэ. Намайг битгий нэр дэвшээсэй гэж айцгааж байна. Дахиад МАН, АН эрх бариад, амар сайхандаа жаргацгаавал яасан юм. Сүүлийн 30 жил хэн төр барив. Ардын нам, Ардчилсан нам гээд ээлжилсэн. Нийгэмд болохгүй байгаа асуудлыг энэ хоёр нам л удирдан зохион байгууллаа шүү дээ. Одоо тэгээд бидний сонгогдох боломжийг хаана гэж байвал тэр худлаа байх аа. Хэрвээ биднийг гаргахгүй гэж байвал “Манайх ардчилсан орон байхаа больсон” гээд Олон улсын Хүний эрхийн конвенцэд өргөдлөө гарга л даа. Ер нь тэгээд МАН, АН-ын нөхөд иргэдээ дэндүү басамжилж, юу ч мэдэхгүй тэнэг хүмүүс байгаа юм шиг хандаж байгаа. Иргэд одоо эрх биш, ухаан суусан.
Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь зөв. Нэг тойрог оччихоод, бидон, унадаг дугуй, мотоцикл, ул боов, архи, бэлэн мөнгө тараадаг. Нөхөд тэгж байж л сонгуульд гардаг шүү дээ. Тэгээд тараасан юмаа 20 дахин нугалж, төрөөс хулгай хийж байна. Тойрог томсгосноор энэ асуудлаас сална.
Түүнчлэн, иргэдэд улстөрийн боловсрол хэрэгтэй. Хэнийг сонгох биш аль намыг сонгох вэ гэдгээ харах нь зөв. МАН байвал дэмий, АН бол бүүр ч дэмий. Харин Бүгд найрамдах намыг хараад “Аан, энэ боломжтой шүү. Дарга нь Б.Жаргалсайхан шүү дээ” гээд сонгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бид морио солих цаг болчхоод байна.
Нэг хэсэг “Ахмадуудаа больё, залуучууд сонгоё” гээд байсан, хаа байна. Залуучууд нь бүгд хулгайч байна.
Манай БНН-д завшаан олдсон нь УИХ-д ганц суудал байсан. Гэхдээ ганц суудалтай байсан ч их юм хийсэн шүү. Жишээлбэл, Эрдэнэтийн гурван том лицензийг МАН-ын хулгайч нар бүгдээрээ хувьдаа авсан байсныг цуцалж, Эрдэнэт үйлдвэрт өгсөн шүү дээ. Мөн Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат дээрэмдээд авсан байсныг цуцалсан. Үр дүнд нь шохойтой учраас үйлдвэр нь хэвийн ажиллаж байна.
Сонгуулиар БНН-ыг сайн дэмжээд өгвөл тодорхой хөтөлбөр хэрэгжүүлээд, энэ улс орныг цэгцэлье гэж бодож байгаа. Харин “Үгүй ээ, бид МАН-ын хулгайчидтайгаа гоё байя” гэж байгаа бол битгий сонго.
-Таныг Үйлдвэр, худалдааны сайд байсных нь хувьд тодруулъя. Сүүлийн өдрүүдэд эрчим хүч, шатахууны асуудал тулгамдсан асуудал болоод буй. Үүнийг шийдвэрлэх ямар гарц, гаргалгаа байна вэ?
-Бид ядаж л баруун, зүүн, говийн аймгууддаа нэг нэг атомын цахилгаан станц барьчихмаар байна. Атомын станцыг нэг цэнэглэхэд, 14-15 жилд дахин гар хүрэхгүйгээр ажиллана. Байгальд ямар ч хор нөлөөгүй. Манайхан “Уран гэдэг чинь аймаар зүйл” гээд цацраг туяагаар худлаа айлгаад байгаа. Нар хүртэл өөрөө цөмийн эрчим хүч. Тэнд устөрөгчийн урвал явагдаж байна.
"Бид хөөрхий, гуйлгачид шиг царай алдаад сууж байна"
Монголчууд атомын станцтай болох гээд Францтай ярихаар ОХУ дургүйцээд, эрчим хүчээ хаана гэдэг. Хаагаад үз л дээ, өөрсдөө хохирно. Манайх гол худалдан авагч нь юм чинь. Хоёрдугаарт, Монгол Улс усан цахилгаан станц барих гэхээр бариулахгүй. Өөрсдөө Байгал нуураас цааш Ангар мөрөн хүртэл 5-6 усан цахилгаан станц барьсан байна. Манайд УЦС барьчихвал том том цөөрмүүд бий болно. Тэгвэл ядаж агаар чийгшиж, зундаа хур тунадас ахиу орно шүү дээ. Жишээлбэл, Гачууртын дээд талыг боогоод, том усан сан байгуулъя л даа. Гэвч энэ санаа Оросуудад таалагдахгүй, бид хөөрхий гуйлгачид шиг царай алдаад сууж байна.
Шатахууны тухайд, бид 10 литр бензиний төлөө Оросуудын гар хөлийг үнсэж гүйх хэрэггүй. Ер нь одоо машин унаад л ажил хийхгүй, өдөржин дэмий тэнэдгээ боливол яасан юм. Манайх иргэдээ дэмжиж байна гээд шатахууны онцгой татвараа тэглэчихсэн. Гэтэл Германд татвар өндөр учраас литр шатахуун 5-6 еврогийн үнэтэй. Хоёрдугаарт, тэнд ажилгүй хүн байхгүй. Бүгд ажилтай учраас өглөө 05:00 цагт ажилдаа яваад, гадуур машин унадаггүй.
Харин манайхыг хар л даа. Бүгдээрээ машин дотор сууж байна. Цонхоор нь харахаар нэг хүүхэн эсвэл нэг залуу ганцаараа явж байдаг. Ажлын цагаар машинтай юу хийгээд яваад байгаа юм. Ажилгүй байгаа учраас явж байна. Тийм учраас одоохондоо тэгш, сондгой дугаараар ангилж явуулах нь зөв. Ингэхгүй бол зам дээр зүгээр л битүү зогсоно л доо.
-Ярилцсанд баярлалаа.