Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шагнаж урамшуулна. Пауэрлифтингийн тамирчин Сандуйжавын Энхбат гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулахаар болжээ. Тэрбээр улсын аварга шалгаруулах тэмцээнд нийлбэрийн 11 удаагийн аварга бөгөөд Азийн АШТ-ий нийлбэрийн таван удаагийн аварга, 21 алтан медальтай тамирчин юм. С.Энхбат нь 2008 оноос пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэхдээ “Тайхар” клубын дасгалжуулагч Д.Энхжаргал, Б.Батсуурь нарт шавь оржээ.
Түүний үзүүлсэн амжилтаас цухас дурдвал, ДАШТ-ий нийлбэрийн гурван мөнгө, хошой хүрэл медальтай ба ДАШТ-ээс нийт 22 медалийн цуглуулгатай тамирчин. Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний нийлбэрийн хошой аварга, найман медальтай манай улсын шилдэг тамирчин билээ. Тэрбээр мастер-1 ангиллын 74 кг-ын жингийн улсын дээд амжилтыг 2015 онд шинэчлэн тогтоосон бөгөөд түүний амжилтыг шинэчлэн тогтоосон тамирчин үгүй. Классик пауэрлифтингийн Ази тивийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон С.Энхбат нь энэ онд ДАШТ-ий нийлбэрийн алтан медаль хүртсэн амжилтыг өмнө нь монгол тамирчин биелүүлж байгаагүй юм. Тэр пауэрлифтингийн спортоос төрөн гарсан Монголын дөрөв дэх тамирчин болж байна.