Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар автозамын түгжрэл, ослыг бууруулах зорилгоор автомашинуудыг 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тэгш, сондгой дугаараар зорчуулах гэнэтийн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой иргэд дарга нарын машин буюу цэнхэр дугаартай автомашинд дээрх захирамж үйлчлэхгүй байна гэж шүүмжлээд буй. Тэгвэл уг асуудлаар Нийслэлийн Төр захиргааны авто баазаас мэдээлэл өглөө.
Ингэхдээ "Өнгөрсөн хоногуудад Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Энэ захирамжийн хүрээнд Нийслэлийн төр захиргааны авто бааз үйл ажиллагаандаа тодорхой хэмжээний өөрчлөлтийг оруулсан. Манайх нийт 79 тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний 34 тээврийн хэрэгсэл нь тэгш дугаартай, 45 тээврийн хэрэгсэл нь сондгой дугаартай. Тиймээс өнөөдрийн байдлаар 34 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гараагүй байна. Иргэд цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл дээр ташаа ойлголттой байдаг. Үүнийг дарга нарын тээврийн хэрэгсэл гэж яриад байдаг. Гэвч энэ аж ахуйн ажилд үйлчилдэг тээврийн хэрэгсэл юм. Тиймээс эдгээр автомашинууд захирамжийн дагуу иргэдтэй адил замын хөдөлгөөнд оролцож байна" гэх тайлбарыг өглөө.