Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17:14 цагт ОБЕГ-т ирүүлсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдалд анхаарахыг ОБЕГ-аас зөвлөж байна.