-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач. Одоо хаана амьдардаг, ямар мэргэжилтэй вэ?
-Сайн байна уу? Намайг Zola Enkhtaivan гэдэг. Би Америк улсын Вашингтон ДС хотод ажиллаж, амьдарч байгаа. Саяхан Жорж Мейсон-ийн их сургуулийг нягтлан бодох бүртгэлээр сурч төгссөн.
-Одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Одоогоор санхүүгийн байгууллагад Америкийн засгийн газартай ажилладаг газруудад аудит хийж байгаа. Мөн сонирхлоороо хийж эхэлсэн youtube-ээ одоо өөрийнхөө хоёрдахь ажил гэж үздэг.
-Анх хэзээ, ямар шалтгаанаар Америк явж байв? Америкт нийтдээ хичнээн жил ажиллаж, амьдарч байна вэ?
-Америк яваад одоо 9 дэх жилдээ орж байна. Анх ЕБС бас их сургуульд явах бодолтой ирж байсан.
-Хэзээнээс Youtube суваг ажиллуулж эхэлсэн бэ? Анх яагаад ийм санаа төрөв?
-Их сургуулийн гуравдугаар курст байхдаа хүүгээ төрүүлчихээд гэр, сургууль хоёрын хооронд амьдарч байсан. Миний хувьд багаасаа л аль болох завтай үедээ цагийн ажлууд их хийдэг байсан. Тийм болохоор хүүхдээ төрүүлээд гэрээсээ ажиллаж болох аргуудыг судалж байгаад Youtube их зүгээр юм шиг санагдсан учраас channel нээсэн юм. Контентоо хүмүүст хурдан таниулж, хурдан өсөхийн тулд аль болох хүмүүсийн сүүлийн үед сонирхож бас тренд болж байгаа ASMR сэдвийг сонгож Youtube сувгаа эхлүүлж байсан.
-Өөрийн Youtube channel-д ямар төрлийн контентууд ихэвчлэн хийдэг вэ? ASMR төрлөөр дагнадаг гэж ойлгож болох уу?
-ASMR гэдэг нь Autonomous Sensory Meridian Response гэдэг үгний товчлол. Иймэрхүү контентийг ер нь стресс, түгшүүрээ тайлах зорилгоор хүмүүс үздэг. Би өөрийн channel-даа дан ийм төрлөөр биш *Oddly Satisfying* гэдэг төрлийг хамтад нь хослуулж хийдэг. Ихэвчлэн хүмүүс над руу үзмээр байгаа видеоны саналуудаа имейл-ээр илгээдэг болохоор тэрнээс нь санаа авч контентоо хийдэг байгаа.
Зочны маань хөтөлдөг 1,15 сая subscribe бүхий ASMR Sound Queen channel-ийн SOAP OPENING ASMR бичлэг. Зөвхөн уг бичлэг л гэхэд 19,780,655 үзэлттэй байна.
-Яагаад ASMR, тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүнээр ASMR хийх болсон бэ?
-Ерөнхийдөө би содон бичлэгүүд хийх дуртай. Яагаад гэвэл маш олон адилхан зүйлээс ялгарч гарч ирэх их хэцүү. Тийм болохоор хүмүүсийн хийгээд байдаггүй сэдвийг сонгож авч хийхийг зорьсон. Мэдээж шууд л өөрийнхөө бичлэгийг хийхгүй, үзэгчдийнхээ хандалт хүсэлтийг уншиж байгаад ямархуу контент хийх шийдвэрээ гаргадаг гэх үү дээ.
-Контент төлөвлөгөөгөө танилцуулаач. Бичлэгүүд тань хэд хоногийн зайтай ордог вэ? Хэзээ ямар бичлэг нийтлэхээ нэгд нэггүй төлөвлөөд оруулдаг уу, эсвэл зав гарсан үедээ л хийдэг үү?
-Бичлэгээ аль болох 7 хоногт 3-4-ийг оруулахыг зорьдог. Тийм болохоор зав гарах л юм бол Youtube-ээ хийхийг хичээдэг. Ингэхдээ нэг өдөр олон бичлэг хийгээд дараа нь автоматаар нийтлэх цагаа тохируулаад орхих нь маш амар байдаг. Цаг ч их хэмнэдэг.
-Youtube channel нээгээд хэдий хугацааны дараа Silver button авсан бэ?
-Анх channel нээгээд нэг жил хагасын дараа Silver Play Button авч байсан. Тэр үед л яг хүмүүсийн үзэх сонирхолтой зүйлүүдийг яаж хийх аргаа олж эхэлсэн дээ.
-Саяхан Gold Play Button авсан байсан. Баяр хүргэе. Хэр их хөдөлмөрийн үр дүн бэ? Алтан пайз авна гэж төсөөлж байв уу?
-Сэтгэгдэл маш их өндөр байна. Silver Play Button авчихаад одоо бараг дахиад Youtube award авахгүй байх гэж бодож байсан. Тэгээд аажим аажмаар нэг сая руу ойртсоор байгаа хүрсэн дээ. Youtube хийхэд маш их цаг хугацаа хөдөлмөр орсон. Дан ганц бичлэг хийх тавихаас гадна яаж хүнд хүргэх, бас тренд судлах зэрэг олон ажил орсон.
-Gold Play Button дагалдаж ямар шагнал ирдэг вэ?
-Дагалдаж захиа ирдэг байгаа. Ерөнхийдөө шагнал гэхээсээ илүү амжилт хүссэн, баяр хүргэсэн захиа Youtube-ийн захирлын гарын үсэгтэй ирдэг.
-Монголоос Gold Play Button авсан Youtuber ер нь байдаг уу? Та судалж байв уу?
-Би судалж байгаагүй ээ. Үнэнийг хэлэхэд өөрийгөө анхны Gold Play Button авсан хүн болов уу гэж бодож байгаа. (инээв) Гэхдээ маш олон хүн Silver Button авч байгаа учраас удахгүй дахиад Gold Play Button гарч ирэх болов уу гэж бодож байна.
-Таны бичлэгүүд яаж ийм богино хугацаанд олон хүнд хүрч, энэ хэмжээний амжилт гаргасан гэж боддог вэ? Өөрөөр хэлбэл, нууц нь юундаа байна?
-Нууц нь үзэгчтэйгээ ойрхон байх. Хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг сонсож, дагана гэдэг л их чухал санагдсан. Мэдээж сонирхлоо дагаж Youtube хийх хүсэлтэй, гэхдээ гол зорилго нь хүмүүст хүрэх юм болов уу гэж бодсон.
-Анх youtube channel нээж байхад хүн үзэхгүй ч юмуу шантрах үе байв уу?
-Эхний дөрвөн сар үзэгч цөөхөн байсан учраас мэдээж шантарч байсан. Сургуульдаа явж, хүүхдээ харахын хажуугаар цагаа дэмий үрээд байгаа юм шиг санагддаг байлаа. Гэхдээ юм бүхэн багаас эхэлдэг юм чинь яадаг юм гэж бодоод л зогсолтгүй зүтгэсэн дээ.
-Youtuber болохыг хүсч буй залуучуудад хандан юу гэж зөвлөх вэ? Контентоо дэлхийд гаргахын тулд ямар стандарттай байх ёстой вэ?
-Голоос нь битгий хаяарай гэж хэлмээр байна. Мэдээж голд нь зогсмоор санагдах үе гардаг, тэр болгоныг тоолгүй контентоо сайн хийх хэрэгтэй. Хэрвээ гадаад үзэгчтэй болохыг сонирхож байгаа бол Англиар эсвэл тухайн зорилтот бүлэг болгож буй улсынхаа хэлээр subtitle хийгээрэй. Youtube гэхээр дан влог байх шаардлагагүй. Хаана, ямар боломж байна, цаг алдалгүй шүүрч аваарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Х.Үүрийнтуяа (Ulaanbaatar News)