Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Хүсэлтээ гаргасан зарим иргэд 20, 30-аараа хүсэлтээ цуцлах тохиолдол гарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд


УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадаас иргэдээ татан авах асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 монгол иргэн эх орондоо ирсэн. 

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамнаас 2020 оны дөрөвдүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.

Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ташрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.

Одоогийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17,117 хүнийг татан авсан. Хүсэлтээ гаргасан зарим иргэд 20, 30-аараа хүсэлтээ цуцлах тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэдийн нэрсийг зарлах ажлыг шуурхай зохион байгуулж байна. 

Чехээс ирсэн оюутантай холбоотой ташаа мэдээлэл их байна. ОХУ зөвхөн гурван улсад хилээ нээсэн гэдгийг санууштай. ОХУ хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байна гэсэн буруу мэдээлэл авч, олон иргэд хил зөрчиж, асуудалд орох вий гэдгийг хэлмээр байна. 

Энэ ташрамд бие биедээ тусалж дэмжин, гэртээ байлгах, хооллож ундлах зэргээр тус нэмэр болж буй иргэддээ ГХЯ-аас албан ёсоор талархал илэрхийлж байна” гэв.

Л.ДЭЛГЭРМАА

 

Сурвалжилга: Эрүүгийн хэрэг үйлдсэн эрхлэгчийг эргүүлэн ажилд нь томилсныг багш нар эсэргүүцэж байна
Сурвалжилга: Эрүүгийн хэрэг үйлдсэн эрхлэгчийг эргүүлэн ажилд нь томилсныг багш нар эсэргүүцэж байна
 
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.