Зургийн эх сурвалж: Al Jazeera
Энэтхэг улсын Ахмедабад хот дахь Шрей эмнэлэгт гал гарч коронавирусээр халдварласан байсан найман өвчтөн нас барсан байна. Шөнийн 3 цагт эхэлсэн тус түймрийг гал унтраагчид нэг цаг гучин минутын хугацаанд бүрэн унтрааж дууссан ба нийт 35 өвчтөнг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ажээ.
Галын шалтгааныг эмнэлгийн нэгэн ажилтны халдвар хамгааллын хувцаснаас болсон хэмээн тогтоогоод байгаа бөгөөд энэ эмгэнэлт явдалд гомдолтой байгаа нас барагсдын төрөл, төрөгсдийг эмнэлэг рүү оруулахгүй байх тал дээр цагдаа нар ажиллаж байгаа юм.
“Халдвар хамгааллын хувцсаа шатаж буйг мэдсэн эмч ус цацахаар яаран гүйж байхдаа эмнэлгийн тасаг даяар гал алдсныг тогтоолоо” хэмээн Ахмедабад хотын Гал түймэр, Онцгой байдлын албаны ахлах мэргэжилтэн Ражеш Батт мэдээлсэн байна.
Энэтхэг Улсын ерөнхий сайд Нарендра Моди: “Хохирогчдын төрөл, төрөгсдөд 200,000 рупи (2672 ам.доллар) төлнө” хэмээн жиргэжээ.
Түймэр гарсан тус мужид коронавирусний 65,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь Энэтхэг улсад хамгийн их ковид-19-ийн бүртгэлтэй байгаа мужуудын нэг юм.
Нийт 1 сая 900 мянган иргэн халдвар авсан Энэтхэг улс коронавирусний хамгийн их тохиолдол бүртгэгдсэнээрээ Дэлхийд гуравдугаарт бичигдээд байгаа ба коронавирусний улмаас 44 мянга гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: Al Jazeera