Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж байна.
-"ФРОНТ" С.ЦЭГМИДЭД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ-
Тус аймагт ажиллах үеэрээ "Фронт" хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.
С.Цэгмид нь Агуу эх орны дайны үед Монголын ард түмний чин сэтгэлийн бэлгийн анхны цувааг ЗХУ-ын Улаан армийн фронтод хүргэлцсэн гавьяатай нэгэн юм. Тэрээр бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.
-ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭЭЖҮҮДЭД "ЭХИЙН АЛДАР" ОДОНГ ГАРДУУЛЖ БАЙНА-
Монгол Улсын Ерөнхийлөгч Дундговь аймагт ажиллах үеэрээ ээжүүдэд "Эхийн алдар" одонг гардуулж байна.
Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. “Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.