Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Бүгд л яарч байгаа шүү, нийслэлчүүд ээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 33 секунд

"Эгч, ах нь яараад байна, урдуур чинь орчихъё" гэх энэ өгүүлбэрийг та эмнэлэг, банк, дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрын хаа нэгтээ сонссон гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа, ахимаг насныхан буюу бидний аав, ээж нарын үеийнхнээс түгээмэл гардаг. Залуучууд дунд ч "мэр сэр".

Бүр автобус руу орохдоо ч "Би яараад байна" гээд ар нуруу руу нудрах нь тэр. Автобус руу түрүүлж орвол түрүүлээд явчихдаг юм болов уу...

Харин үүний хариуд нь "Дарааллаараа ороорой, бид ч яарч байна" гэж хариулбал, "Юун сүртэй юм, үхлээ юу чи" гэх мэтээр давшилна. Үүнийг уншиж буй та, чи арай ингэдэг юм биш биз... Тийм бол түр анхаарлаа хандуулаарай.

Улсын нийслэл Улаанбаатарт 1.7 сая гаруй иргэн амьдарч, өдөр бүр нийгмийн амьдралд оролцож байна.

Өглөө гэрээсээ гараад, автобусанд сууна. Дэлгүүрээр орно, цахилгаан шат руу орох, эмнэлэгт үзүүлэх гээд бусадтай харьцах шаардлага үүснэ. Тийм учраас та бүхэн аль болох бусдад хүндэтгэлтэй хандаж, хувиа хичээхээс зайлсхийгээрэй. Тэгвээс, бусдыг стресстүүлж, тав тухыг нь алдагдуулахаас сэргийлж чадна.

"Яараад байна, оруулчихаач" буюу жолоочдын "ОРК" үйлдлүүд

Улаанбаатар хотод замын түгжрэл гэж "толгой, шүдний өвчин" бий. Өглөө гэрээсээ гараад л үүдэнд түгжрэх нь энүүхэнд. Түгжрэлийг шийдэж чадаагүй үе үеийн хотын удирдлагууд буруутай гэдэг ч бодит байдал дээр жолоочдын буруу ч багагүй нөлөөлдгийг Тээврийн цагдаагийн албанаас хэлдэг. Жолоочдын гаргадаг түгээмэл "ОРК" үйлдэл буюу танхайрлыг энд танилцуулъя. Тухайлбал,

-Дохио ч өгөхгүй хаа нэгтээгээс гараад ирнэ. Шаардлага тавьбал өөдөөс "салаавч"-аа өгчихдөг

-Түгжрэлтэй үед урсгал сөрөөд, юу ч болоогүй юм шиг давхина. Цагдаа зогсоогоод, яасныг нь асуувал "Яараад байна, явуулчихаач дээ. Сүртэй юм бэ" гэж хэнэг ч үгүй хариулна. Торгуулийн арга хэмжээ авбал "Зүгээр байхад торголоо. Хүн торгохын төлөө ажилладаг" гэх үгсээр алба хаагчийг харлуулна.

-Түгжрэлтэйг харсаар байж уулзвар, гарц руу ороод Хамаг Монголын "хас түгжээ" үүсгэнэ. Шалтгаан нь мөн л "Яараад"... Та машинаа тэврээд гүйхгүйгээс хойш дараагийн зөвшөөрөгдсөн гэрэл дохио астал хүлээх үүрэгтэйг санаарай.

-Дараагийн хувиа хичээлт нь "Би яараад байна, зогсоол алга" гээд дуртай газраа машинаа хаяад алга болчих нь тэр. Нэгдүгээр эгнээ, явган хүний зам, автобусны буудал дээр гээд хаана ч зогсож мэднэ. Ингээд бодохоор нөгөө муу нэртэй "АЧИЛТ"-ынхан хэрэгтэй байгаа биз...

Энэ мэт дурдаад байвал нийслэлчүүдийн "БҮДҮҮЛЭГ" үйлдэл хаана дуусахыг би таашгүй. Магадгүй өнөөдрөөс та бүхнийг бага ч болов бусдыг хүндэтгэж, улсын нийслэлдээ соёлтой аж төрөхийг хүсэж байна.

Б.Ганхуягийг сонсголд “гэрч“-ээр дуудаагүй гэв
Б.Ганхуягийг сонсголд “гэрч“-ээр дуудаагүй гэв
 
Д.Амарбаясгалан: Цаашид шүүхийн төсвийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой
Д.Амарбаясгалан: Цаашид шүүхийн төсвийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.