Шинэ долоо хоногийн эхний өдрийн өглөөг их хотод өнгө нэмж, зорчигчдынхоо сэтгэлд баяр хуруулсан чимэглэлтэй автобусны талаарх өнгөлөг мэдээллээр эхлүүлэв. Нийтийн тээврийн автобус гэхээрээ л тохь, тухгүй бохир, заваан байдаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, стресс бухимдал дүүрэн их хотынхны амьдралд өнгө нэмж, гэрэл түгээсэн тус автобусанд зочилж, сурвалжилга бэлтгэлээ.
Жолоочтой нь утсаар холбогдож, сурвалжилга хийх зөвшөөрөл аваад Багшийн дээдийн автобусны буудлаас суусан юм. Бидэнтэй зэрэгцэн орсон хүмүүс, "Ямар гоё автобус вэ. Гоё чимэглэсэн байна. Анх удаа ийм автобусанд сууж байна" хэмээн ам уралдан ярьцгааж байв.
Арга ч үгүй юм. Чимэглэл бүрийг детальчлаад харвал, тааз хэсгийг лед гэрлээр чимэглэж, наад талаар нь хөвөн хийж, үүлийг зурагласан байв. Автобусны доторх багануудыг саагаар ороож, цонхнуудыг өнгө өнгийн зургаар чимэглэжээ. Деталь бүрд нь сэтгэлээ шингээсэн тус бүтээлийг "YRUNDUG" цахим хуудасны залуус "Surprice onlie shop"-той хамтран нийгэмд гэрэл түгээх зорилгоор хийсэн байна.
Жавар тачигнасан өглөөг "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн 2-р баазын ОФИЦЕРУУДЫН ОРДОН-ТАВАН ШАР чиглэлийн автобусанд сууж эхлүүлсэн зорчигчид “Хамгийн ГОЁ мэдрэмж авч, нүд сэтгэлээ баясгаж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ЗОРЧИГЧИД: ХҮН ИХТЭЙ, БАГТАХГҮЙ ХЭЦҮҮ, ТӨВӨГТЭЙ БАЙГАА Ч СЭТГЭЛ САНАА ЦААНААСАА Л ИХ ГОЁ БАЙНА
ЗОРЧИГЧ 1:
-Чимэглэсэн автобусанд суухад маш гоё байна. Сэтгэлд дотно таатай мэдрэмж төрж байна. Шинэ жилийн баяр дөхөж байгааг энд орж ирээд л утгаар нь мэдэрлээ.
ЗОРЧИГЧ 2:
-Орж ирэхэд л нүд сэргэж байна. Хүн ихтэй, багтахгүй хэцүү, төвөгтэй байгаа ч сэтгэл санаа цаанаасаа л их гоё байна.
ЗОРЧИГЧ 3:
-Гоё санагдаад зургийг нь дараад зогсож байна. Ингээд чимэглэчихээр сэтгэл санаа ч дагаад гоё болдог юм байна. Өглөөг маш гоё эхлүүлж байгаадаа баяртай байна.
ЗОРЧИГЧ 4:
-Шинэ долоо хоногийг гоё эхлүүлэхэд тусалсан гэж бодож байна. Нийгэмд бүх зүйл стресстэй байхад ийм жижигхэн зүйлээр ч гэсэн баяр баясал мэдрүүлж, аз жаргал бэлэглэж байгаад баяртай байна. Бусад жолооч нартаа чимэглэчихвэл гоё юм байна шүү. Санаа аваарай гэж хэлмээр байна.
ЗОРЧИГЧ 5:
-Сэтгэл гаргасан гоё байна. Орж ирэнгүүт гоё дуунууд яваад, үзэмж нь нүд баясгаж байна. Дандаа л хар бараан мэдээ, мэдээлэл дунд байгаа хүмүүс хэсэгхэн хугацаанд ч гэсэн их орчинд ороод ирэхээр сайхан байдаг юм байна. Хийсэн хүмүүст нь баярлалаа гэж хэлмээр байна.
Д.СОСОРБАРАМ: ЧИМЭГЛЭЛЭЭС ГАДНА АВТОБУСАА ДУЛААХАН ТОХЬ, ТУХТАЙ БАЙЛГАХ ТАЛ ДЭЭР НЬ МАШ ИХ АНХААРДАГ
Иргэд ийнхүү сэтгэгдлээ хуваалцаж, гоё сайхан мэдрэмж авч буйгаа илэрхийлсэн юм. Дараа нь бид тус автобусны жолооч Д.Сосорбарамын сэтгэгдлийг сонссон юм.
-Таны автобус хэн бүхний харцыг булааж, сэтгэлийг баясгахаар гоё болжээ. Зорчигчид нь яаж хүлээж авч байна?
-Би өглөө 06.20 цагт эх авсан. Хүмүүс их таатай хүлээж авч байна. Буумааргүй санагдаад байна гээд буух газраасаа өнгөрч, надтай хамт нэг бүтэн тойрсон хүн ч байна. Ийм автобус олон байвал гоё байна гэсэн хүмүүс олон байна.
-Таны хувьд ийм гоё автобустай үйлчилгээнд явж, хүмүүсээс баярлаж, талархсан үг сонсох ямар санагдаж байна?
-Өглөө үйлчилгээнд гарангуут эхний хүмүүс "Ямар гоё юм бэ. Баярлалаа" гээд гар барьсан. Надад маш сайхан санагдсан. Одоог хүртэл гоё, сайхан үг сонсоод л явж байна. Урам, зориг үл мэдэгдэх хүч өгөөд байгаа юм шиг содон мэдрэмж төрж байна. Өглөө фейсбүүкт зураг цацагдсан болохоор миний автобус маш их ачаалалтай байна. Хүмүүс бүр зөндөө удаан хүлээж байгаад суулаа гээд орж ирж байхыг нь харах сайхан байна. Чимэглэлээс гадна автобусаа дулаахан тохь, тухтай байлгах тал дээр нь маш их анхаардаг. Өглөө гарах цагаасаа эрт очиж, машинаа сайхан халааж, цэвэрлэчхээд дулаахан автобусанд хүмүүсээ хүлээж авахыг эрмэлзэж ажилладаг.
-Автобусыг тань ингэж тохижуулж өгсөн залууст хандаж юуг хэлмээр байна?
-Yrundug-ийн залууст маш их талархаж байгаа. Чин сэтгэлээсээ деталь бүрд нь сэтгэлээ чингээж чимэглэснийх нь үр дүн өнөөдөр гарч байна гэж харж байна. Их хотод өнгө нэмж, зорчигчдынхоо сэтгэлд баяр хуруулсан чимэглэлтэй автобуснаас бэлтгэсэн бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөв. Биднийг буухтай зэрэгцэн зөрж суусан хүмүүс мөн л адил гоё сайхныг нь гайхаж, жолооч Д.Сосорбурам зорчигчдодоо баярлалаа гэх үгийг тасралтгүй хэлсээр сэтгэл тэнэгэр үлдэв.
Б.ХҮДЭРБАТ: 5-6 ХҮН ХОЁР ХОНОГ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД АВТОБУСЫГ БҮРЭН ЧИМЭГЛЭЖ, ДУУСГАСАН
Бид харин автобусыг чимэглэж, стресс бухимдал дүүрэн их хотынхны амьдралд өнгө нэмж, гэрэл түгээсэн "YRUNDUG" цахим хуудасны залуусын төлөөлөл Б.Хүдэрбаттай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр, "Улаанбаатар хотын өвлийн улирал түгжрэлтэй, хүйтэн, утаатай, стресс ихтэй байдаг. Тиймээс бид нэг ч гэсэн эерэг зүйл харуулж, уур амьсгал оруулъя гэсэн зорилгоор гоё ажил хийе гэж их бодсон. Олон хүнд эерэг мэдрэмж төрүүлж, гэрэл түгээхэд хамгийн тохиромжтой нь автобус чимэглэх байсан учраас Зорчигч тээврийн нэгтгэлд хүсэлт гаргаж, урт автобус чимэглэсэн. 5-6 хүн хоёр хоног ажилласны үр дүнд бэлэн болсон. Өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхлээд хүмүүс маш тааламжтай хүлээж авч байгаад баяртай байна. Бидний саналыг хүлээн авч, ивээн тэтгэсэн "Surprice onlie shop"-ын залууст баярлалаа гэж хэлмээр байна" гэлээ.