Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан Үзэг”-2023 наадмын шилдгүүд тодорлоо

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 52 секунд

Сэтгүүлч мэргэжлээр их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын шилдэг бүтээл шалгаруулах 13 дахь удаагийн “Алтан Үзэг” улсын наадам амжилттай болж өндөрлөлөө. Наадмыг жил бүр Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг билээ.

Биднийг сурвалжилга бэлтгэхээр ороход, цагаан цамц, хар өмдөөр жигдэрсэн оюутнууд “Алтан Үзэгт тавтай морилно уу” хэмээн зочдыг угтан авч байв. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа руу орвол наадмын шүүгчид, зочид урд талын эгнээнд суудлаа эзэлсэн бол бүтээлээ “сойсон” оюутнууд арын эгнээнд алгаа хавсарчихсан, “Гран При”-г хаанахын оюутнууд авах бол, минийх хэдэд орох бол” гэж шивнэлдэцгээнэ.

Өнөө жилийн “Алтан Үзэг” наадамд таван их, дээд сургууль, нэг бүрэн дунд сургуулиас нийт 173 бүтээл иржээ. Тухайлбал,

Нийтлэлийн төрөлд 67, телевизийн нэвтрүүлэгт 24, радио нэвтрүүлэгт 21, нийгмийн реклам 34, мультимедиа бүтээлийн төрөлд 26 бүтээл ирүүлсэн. Давхардсан тоогоор 333 оюутан оролцсоныг зохион байгуулагчид дурдсан юм.

ХИС-ийн Академик чиглэл хариуцсан дэд захирал С.Эрдэнэтуул үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Манай сургууль "Бүтээлч оюун ухааныг нийгмийн дэвшилд" зорилгын дор бүтээлч сэтгэлгээг бий болгох, нийгэмд тодорхой хувь нэмэр оруулах үнэт зүйлийг өөрсдийн гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Бидний энэ зорилготой “Алтан Үзэг” наадмын утга учир маш сайн уялддаг гэж харж байгаа. Боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт орж буй энэ цаг үед бид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй ажиллах хүчнийг бэлтгэхээс илүүтэйгээр дэлхийн иргэнийг хэрхэн бэлтгэх асуудлыг бодох шаардлага үүсэж байна” хэмээн онцоллоо.

Үүний дараа шагнал гардуулах үйл ажиллагаа радио нэвтрүүлгийн шилдгүүдийг тодруулснаар эхлэв.

Радио нэвтрүүлэг

Гуравдугаар байр: МУБИС-ийн “3+1” багийн “Буруугүй буруутан” бүтээл

Дэд байр: РТМУС-ийн “Авиа” продакшны “Хорыг хоол” бүтээл

Тэргүүн байр: РТМУС-ийн оюутан н.Энхжин, н.Төрбаяр, н.Пүрэвбат, н.Очиржамц нарын “Эзэнгүй Монгол” бүтээл

Үзэгчдийн сайшаалд нийцсэн бүтээл

Наадамд ирүүлсэн бүтээлүүдийг “Алтан үзэг” цахим хуудаснаа байршуулж, үзэгчдийн сонорт хүргэдэг аж. Улмаар хамгийн их санал авсан бүтээлд өргөмжлөл, мөнгөн шагнал олгодог. Энэ төрөлд ХИС-ийн гуравдугаар курсын оюутан Ц.Баярмагнайгийн "Flower girl" нийгмийн реклам шалгарчээ.

"UBN" сайтад ажиллах эрх, мөнгөн шагнал

Мөн энэ удаагийн наадмыг "UBN" сайт дэмжин ажилласан бөгөөд шилдэг нэг бүтээлийг шалгаруулж, бүтээлийн эзэнд сургуулиа төгсөөд, "UBN" сайтад "Ажиллах эрх" болон мөнгөн шагналаар урамшуулав. Энэ шагналыг МУБИС-ийн "Б төлөвлөгөө" баг "Энэ дэлхий зөвхөн бидэнд зориулагдаагүй" бүтээлээрээ хүртсэн юм. Тухайн бүтээл нь сэдэв эх сурвалж сонголт, бүтээлч байдлаараа ялгарч байв.

Мультмедиа нийтлэл

Гуравдугаар байр: ХИС-ийн "Хөөрхөн төмснүүд" багийн "Эцэг эх хэрэгтэй юу" бүтээл

Дэд байр: МУБИС-ийн "Glory" багийн "Манежаа алдсан ч авъяас нь мөхөөгүй Монголын циркчид" бүтээл

Тэргүүн байр: ХИС-ийн "Ogul team" багийн "Хиймэл зүлэг, хиймэл амьдрал" бүтээл

Нийгмийн реклам

Гуравдугаар байр: МУИС-ийн “Go On” багийн “Тусгал” бүтээл

Дэд байр: МУИС-ийн оюутан Г.Гантуяагийн “Ирээдүйн төлөө хэмнэе” бүтээл

Тэргүүн байр: ХИС-ийн оюутан Ц.Баярмагнайгийн “Flower girl” бүтээл

Нийтлэл

Гуравдугаар байр: ХИС-ийн оюутан н.Чингүний “Зэрэг зорилго” бүтээл

Дэд байр: ХИС-ийн оюутан н.Дэрэмийн “Тархинд сүүдэр таригчид” бүтээл

Тэргүүн байр: МУИС-ийн оюутан н.Мягмарсүрэнгийн “Мөөгөнцөртэй сургууль ичиг ичиг” бүтээл тус тус шалгарав.

Нийтлэлийн төрөлд бусад төрлөөс олон бүтээл ирдэг бөгөөд шилдэг 20 нийтлэлийг шалгаруулж, үүнээс эхний гурван байрын нийтлэлийг тодруулдаг ажээ.

Телевизийн нэвтрүүлэг

Гуравдугаар байр: РТМУС-ийн оюутан Т.Золзаяагийн “Утаат угж” бүтээл

Дэд байр: ХИС-ийн “Хүсэл зорилго” багийн “Сэтгүүлчийн ёс зүй” бүтээл

Тэргүүн байр: МУИС-ийн оюутан Г.Долгормаагийн “46+1” бүтээл шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ

“Гран При” шагнал

МУИС-ийн оюутан М.Мөнхжаргал, Л.Ундрах нар “Хөөсний үлгэр ба 15 жилийн алдагдсан боломж” мультмедиа бүтээлээрээ “Гран При” шагналын эзэн болж, цом, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнуулав.

Гран-При шагналыг ХИС-ийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа гардуулсан юм. Энэ үеэр тэрбээр “Алтан Үзэг” наадамд ирэх бүтээлийн тоо багассан ч чанар, чансаа сайжирсан байна. Өрсөлдөөн маш хүчтэй байлаа. Энэ жилийн тухайд нийтлэлийн төрөлд ирэх бүтээлийн тоо буурсан бол мультмедиа бүтээлийн тоо өссөн. Энэ нь сэтгүүлзүй дижитал чиг рүү явж буйг харуулсан үзэгдэл гэж харж байгаа.

Оюутнууд маш хүнд замыг туулж, бүтээлийнхээ ард гардаг. Тэдэнд ямар нэг цалин, ивээн тэтгэгч, томилолтын мөнгө байдаггүй. Хоолны мөнгө, цагийн ажил хийж олсон цалингаараа бүтээлээ хийдэг. Тийм учраас оюутнуудаараа бахархаж байна” гэдгээ хэлсэн юм.

ИХ ДУУЛГА: ОУХМ Ё. Басхүү алтын төлөө Абэ Хифүмитэй барилдана
ИХ ДУУЛГА: ОУХМ Ё. Басхүү алтын төлөө Абэ Хифүмитэй барилдана
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.