Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улс 26 дахь жилдээ дээрх аяныг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Хүндлэл-Хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дээрх аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас ЖСХ-тэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд боловсрол, соёлын салбарыг татан оролцуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор (СУИС, КУДС, МҮИС, Их Засаг Олон Улсын их сургууль, Сити дээд сургууль, Зохиомж дээд сургууль зэрэг) урлагийн 6 их дээд сургуулийн дунд гурван үе шаттай уралдааныг зохион байгуулсан.
Уралдааны нэгдүгээр шатанд дээрх сургуулиуд ЖСХ-тэй тэмцэх агуулга бүхий гурван постер, хоёрдугаар шатанд тодорхой сэдвийн хүрээнд богино хэмжээний гурван видеог оролцогчдоос ирүүлснийг шалгаруулж гуравдугаар шатанд финалын шалгаруулалт зохион байгуулагдаж 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шилдгүүдээ тодруулж шагнал гардууллаа.