Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ. Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар шинээр худалдан авах дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. Мөн тэрбээр “Нийслэлийн зүгээс захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа. Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй. Маршрутын шинэчлэл хийх, жолооч нарын цалинг нэмэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох гэхчлэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Тендерийн материалд ямар нэг гомдол, санал гарахгүй бол 2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Ташрамд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 дэх заалтын дагуу тендер нь “Хамгийн сайн” үнэлэгдвэл Үнэлгээний хороо нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгдөг.