Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэд ирэх оны нэг сараас эхлэн харилцан визгүй зорчих санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, "АНЭУ-д болж буй ажлын айлчлалын хүрээнд чухал үр дүнтэй баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Засгийн газар хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 20-ноос Монгол Улс, АНЭУ хооронд шууд нислэг үйлдэх тохиролцоо хийсэн, чухал үр дүнтэй уулзалт болсон.
Визгүй зорчих асуудал яагаад чухал вэ гэхээр сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд зорчих иргэдийн урсгал ихэссэн. Ялангуяа, өвлийн улиралд өссөн үзүүлэлттэй байгаа учраас яах аргагүй иргэдийнхээ зочлох ажлыг хөнгөвчлөх үүднээс мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө “Хүчирхэг пасспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд олон айлчлалууд зохион байгуулж, үр дүнтэй хэлэлцэрүүдэд гарын үсэг зурж буй. Тухайлбал,
Вьетнам улсад болсон айлчлалын үеэр бүх төрлийн пасспорт визгүй болох хэлэлцээрийг баталгаажуулсан. Визгүй болсноор иргэдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна олон төрлийн эрсдэлээс сэргийлж байгаа юм. Жишээлбэл, зарим иргэнийг хэл усгүйгээр далимдуулж зуучлах нэрийдлээр залилах үйлдэл болон виз олгоход гардаг хүндрэл арилна" гэжээ.
Дашрамд, Монгол Улсын агаарын тээврийн "Хүннү эйр" компани ирэх сарын дундаас эхлэн Дубай руу шууд нислэг үйлддэг болох юм байна.