Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бүрэн эрхт төлөөлөгч нь хуулийн дагуу Засгийн газраас зургаан сарын хугацаатай ажилласан. УИХ-ын тогтоолоор дахин зургаан сарын хугацаатай ажилласан. 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр бүрэн эрхт төлөөлөгчийн томилгоот хугацаа дууссан учраас хуулийн хүрээнд сарын дараа дахин бүрэн эрхт төлөөлөгч томилох асуудлыг оруулж ирсэн.
БЭТ томилсноор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нэг жилийн хугацаанд тус байгууллага 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн өр төлбөрийн асуудал болон засаглалын болон санхүүгийн түвшинд үүссэн байгаа зөрчлийг нэг мөр арилгах, олон улсын хөдлөнгийн аудитын байгууллагыг оруулж нэгдсэн нэг дүгнэлт гаргаж, олон улсын түвшний ур чадвартай менежерээр "Эрдэнэс Тавантолгой" компанийг удирдуулдаг байх зорилгыг агуулж, бүрэн эрхт төлөөлөгчийг сунгах шийдвэрийг гаргаж байна. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" компани ирэх оны дөрөвдүгээр сарын 29 хүртэл бүрэн эрхт төлөөлөгчтэйгээр ажиллах боломжтой болж байна" гэлээ.