Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байрт бичигддэг гэдгийг та мэдэх үү. Хэрэв мэдэхгүй бол Ubn.mn сайт энэ удаагийн инфографикаараа манай улсад бүртгэгдсэн ураны нөөцийн хэмжээ болон уран олборлолтын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
"Бадрах энержи" компани манай улсад "Зөөвч-Овоо" ураны төслийг эхлүүлсэн бөгөөд тус компанийн 66 хувийг Францын "Орано майнинг" компани эзэмшдэг бөгөөд үлдсэн 34 хувийн “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг.
Нийт бүртгэгдсэн нөөц 100,345 тонн
Манай улс ураны нөөцөөр дэлхийд 10 дугаар байрт ордог. Тодруулбал, Австрали, Казахстан, Хятад, Бразил, ОХУ зэрэг 9 улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд манай улс нийт 100,345 тонн нөөцтэйгээр 10 дугаарт жагсдаг байна. Тэгвэл дэлхий даяар ураны үнэ сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд 1 фунт нь ойролцоогоор 69 ам.доллараар үнэлэгдээд буй. Учир нь уран нь ногоон эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд бөгөөд дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг багасгах зорилгоор цөмийн эрчим хүч гаргах ажлыг эрчимжүүлээд байгаа аж.
Дэлхийн улс орнуудад 70 жилийн турш ашиглагдаж буй ГДУО технологийг Монголд ашиглаж байна
Уран олборлохдоо "ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ" технологи ашигладаг бөгөөд энэ нь бидний мэдэх ил уурхай буюу газар сэндийчиж, байгалийн баялгийг ил гаргаж авахаас өөр технологи юм. Өөрөөр хэлбэл, газрын гүнд буй хурдас чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусгахын тулд шахагч цооногоор уусгагч шингэнийг орд руу шахаж, ураныг өөртөө уусган, уусмалыг сорох цооногоор газрын гадарга руу соруулан авч, боловсруулах үйлдвэр рүү дамжуулан авдаг технологи юм.
Тиймээс ямар ч тоос шороо босох, газар сэдийчиж ухахгүй гэсэн үг юм.
1,6 жилийн хугацаанд нийт 10,4 тонн уран олборложээ
Манай улсад 1997 оноос эхлэн хайгуулын ажил эхэлсэн байна. Ийнхүү өнөөдрийг хүртэл хэдийнээ 25 жилийн хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлийн буюу яг одоогийн шатанд "Эрдэнэс Монгол" ХХК болон Францын "Орано" группийн хамтарсан "Бадрах Энержи" ХХК тус ордод туршилтаар уран олборлож буй бөгөөд 1,6 жилийн хугацаанд 10,4 тонн шар уран гарган авчээ.
Төсөл хэрэгжсэнээр жилд 2500 тонн уран олборлоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэрээ Францын "Орано" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан байдаг. Хэрэв энэхүү төсөл хэрэгжиж эхэлбэл үйлдвэрийн хүчин чадлыг томруулж, жилд дунджаар 2500 тонн уран олборлох боломж бүрдэх юм.
Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа Монгол Улсад үр ашгаа өгнө
Уурхайн үйл ажиллагаа 2028 онд эхэлнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан. Уран олборлолт 30 жил үргэлжлэх ба Монгол Улсын Засгийн газар уран олборлолтыг дэмжиж гэрээг үзэглэвэл нийт 800 шууд ажлын байр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд бий болох боломжтой. Мөн манай улсын эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлэх юм. Тодруулбал манай улс 3,2 тэрбум ам.долларын ашиг хүртэх боломжтой.