Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрсдэл ба Стандарт” Үндэсний чуулган орон даяар эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 52 секунд

Сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй гамшигт үзэгдлийн тасралтгүй өсөлт, түүнээс үүсэх хохирлын хэмжээ гамшгийг урьдчилан харж, түүнээс сэрэмжлэх асуудлыг чухал болохыг харуулж байна. Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаардана гэдгийг тогтоосон байна. “Эрсдэл” гэсэн нэр томьёо нь тодорхой аюул тохиолдоход тухайн нутаг дэвсгэр, байрлал дахь хүн ам, обьект, эд хөрөнгөд учруулах хохирлыг илэрхийлэх ойлголт юм. Энэ ч утгаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлуудын нэг юм.

Иймд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа ба чуулганы үндсэн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр тавьж, хэлэлцүүллээ.

Тэрбээр илтгэлдээ "Өнөөгийн Улаанбаатар хот нь стандарт алдагдсаны тод жишээ бөгөөд тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү үзүүлэлт нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их байна гэсэн үг.

Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Хаана стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгдөнө, тэнд амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ. Хүн амын амьдралын чанар сайжирна. Харин хаана стандарт алдагдана, тэнд аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг. Товчхондоо, Стандарт бол харилцан итгэлцэл, хариуцлагатай гүйцэтгэл, хяналт, үр дүнд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс" хэмээн онцлоод “Манай улсад өнөөдрийн байдлаар 6000 гаруй стандарт хэрэгжиж байна. Үүнээс Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд хэрэгждэг, хэрэгждэггүй 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьж эхэлсэн. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” хэмээн онцолсон юм.

Чуулганы өнөөдрийн хуралдаан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд Монгол Улсын Шадар сайдын үдсэн илтгэлээс гадна НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс”, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт”, Мандал санхүүгийн нэгдлийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвүүдээр тус тус илтгэл танилцууллаа.

Нийгмийн эрсдэл, гамшгийн эрсдэлийн анхаарах голлох ерөнхий индекс, тоо, баримтыг харуулж эрсдэлийг удирдахад тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцлээ. Мөн эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр гарц шийдлийг хэлэлцэн, стандартын хэрэглээг төгөлдөржүүлэх, олон нийтийн боловсролд анхаарах, төр, аж ахуйн нэгж, иргэний хяналтыг ажиллуулах, олон улсын туршлага нэвтрүүлэх, даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов.

Тус чуулганд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.

БНХАУ-аас хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд худалдан авахаар судалжээ
БНХАУ-аас хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд худалдан авахаар судалжээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.