Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидоор далимдуулсан томилгоонууд МАН-ын хагарлыг гүнзгийрүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 26 секунд

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн томилгоо хийгдсэн нь төрийн албаны хуулийг зөрчсөн гэх хэл ам татлах болоод байна. Өнгөн дээрээ төрийн албаны хууль яригдаж байгаа үнэн чанартаа эрх мэдэл, албан тушаал булаалдсан бүлэглэл хоорондын зөрчил гүнзгийрч байна гэж эх сурвалжууд мэдээллэх боллоо.

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс:

Дээрх томилгоонууд нь Ковидын үеийн түр томилгоо өөрөөр хэлбэл, УИХ-аас энэ хавар баталсан цар тахалтай тэмцэх тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасан тул сонгон шалгаруулалтгүйгээр томилсон, цар тахлын хуулийн хугацаа дуусмагц эргээд төрийн албаны хуулиа баримтлана гэсэн утгатай тайлбарыг хэлээд байгаа.

Харин зарим хуульчид энэхүү заалтыг цар тахлын үед төрийн албаны хууль үйлчлэхгүй гэж ойлгохгүй, зөвхөн олон нийтийг хамруулах арга хэмжээ авахтай холбоотой харилцаанд албан тушаалтныг томилох тухай заалт, гэтэл уг заалтыг хэт хавтгайруулж төрийн жинхэнэ хаагчдын томилгоог хийж байгаа нь Засгийн газар өөрөө хуулийг буруу тайлбарлаж, зөрчиж буй хэлбэр гэж үзэж байна.

Засгийн газрын зүгээс дээрх үйлдлээ “түр” гэсэн тодорхойлолтоор аргацаахыг хичээж байгаа боловч улс төр хавиар эргэлддэг нөхөд нь үүнийг “молиго модон чихэр” гэдгийг андахгүй.

Түүгээр зогсохгүй төрийн албанд 15 жил ажилласан байх өндөр шалгууртай агентлагын даргын албан тушаалд төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй 20 гаруйхан насны хонгор бүсгүйг томилсон нь УИХ-ын гишүүдийн нүдийг орой дээр нь гаргаад авчээ.

“Төрийн алба тогтвортой, мэргэжлийн хуулийн дагуу байна гэж ярьж явсан нөхөд маань амрагаараа, садангаараа томилгоо хийж эхэллээ. Хоёрхон жилийн өмнө ЗТХЯ-нд гарсан хэргийн улмаас ёс зүйн хариуцлага хүлээсэн төрийн нарийн бичгийн дарга нь эргээд дэд сайдаар томилогдлоо. Цаазаар авах ялыг ил цагаан дэмждэг, МАН-аас гарч МАХН-д зүтгэж явсан, олон улсын хариуцлагатай том хурал дээр АНУ-ыг террорист улс гэж зарласан этгээдийг ШШГЕГ-ын даргаар томиллоо. Ц.Нямдорж одоо болтол урт савраа татахгүй байна. Хүүгээ гадаад яамны, хүүгийнхээ найзыг хуучин яамныхаа төрийн нарийн бичгийн дарга болголоо” гэх мэтээр гомдлын цуваа уртаа үргэлжилж байна. 

Ийнхүү төрийн албаны хуулиар нарийн шалгууртай албан тушаалд ковидын хуулиар халхавчлан сонгон шалгаруулалтгүй, шалгуур хангахгүй хүмүүс томилж эхэлсэнд уурссан МАН-ын зарим гишүүд тусгаар тогтнолын ордноор хуурай нойтон агсам тавьж Ерөнхий нарийн бичгийн даргынхаа өрөөг манах болсон гэнэ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь галаас зугтаж ойр ойрхон хөдөө гардаг, бултдаг ажилтай болсон гэнэ. “Төрийн ордон орох гэхээр ковидын хөл хориотой учраас гаднаас хүн оруулахгүй юм, намын байранд ирэхээр хэнтэй ч уулзаж чадахгүй юм” гэж уурлаж, гайхсан хүмүүс “нөгөө хууль бус юм битгий нэхээрэй, шаардаарай” гээд байсан дарга нар маань хаана байна вэ? гэж эрэл хайгуул болж яваа сурагтай. Ийнхүү хэл ам дагуулсан томилгоонууд МАН-ын хагарлыг улам гүнзгийрүүлж шинэ нанчилдаан улам ойртсоор. 

 

 

Роскосмос: 2021 оны сүүлчээр 2 жуулчинг сансарт аялуулна
Роскосмос: 2021 оны сүүлчээр 2 жуулчинг сансарт аялуулна
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.