Өнгөрөгч аравдугаар сард "Ханжоу-2022" Азийн спортын наадам болж өндөрлөсөн. Тэгвэл тус томоохон наадмын салшгүй нэг хэсэг болох Пара наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн мөн бусад төлөөлөгчид амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзав.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа баг тамирчдад халуун баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн явдалд талархал илэрхийлсэн юм.
Мөн ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн тамирчдын цаашдын тэмцээнүүдэд амжилт хүсэж, ирэх жилийн олимпод улсынхаа нэр хүндийг илүү өндөрт өргөхийг хүсэн ерөөлөө.
Бид "Ханжоу-2022" наадмаас медаль хүртсэн тамирчдаас сэтгэгдлийг нь сонсоход,
"Ханжоу 2022" Азийн пара наадмын Жүдо бөхийн аварга ОУХМ Д.Ганбат ийнхүү сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр,
"Багшдаа АЛТАН медаль авна" гэж хэлсэн амлалтандаа хүрсэн
"Би өмнөх Азийн наадмуудаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ алтан медалийг хүртэх гэж маш их хөдөлмөрлөсөн. Азийн наадмын өмнөх тэмцээнд оролцож байхдаа би хүрэл медалийн төлөө барилдсан. Гэвч өрсөлдөгчдөө хожигдсон учраас багшдаа "Би Азийн наадмаас заавал АЛТАН медаль хүртэнэ. Та надад итгээрэй" гээд багшдаа амлалт өгсөн юм. Энэ амлалтандаа хүрсэндээ туйлын их баяртай байна. Медалиа гардаж авч байхдаа хүртэл маш их сэтгэл догдолсон, төрийн дууллаа эгшиглүүлсэндээ туйлын баяртай байна. Маш сайхан мөч байсан. Тиймээс дараагийн зорилго маань ирэх зуны олимп. Олимпын бэлтгэлдээ удахгүй гарч амжилтаа ахиулахыг хүсэж байна" гэлээ.
Харин "Ханжоу 2022" Азийн пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн хүрэл медальтан Ц.Баттулга,
Маш их хичээл зүтгэлээр хүрэл медаль хүртлээ
"Би Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний их эмч хийдэг. "Ханжоу-2022" наадмаас бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэндээ туйлын их баяртай байна. Өрсөлдөгч нар маань маш хүчтэй байсан. Дандаа олимп, тив, дэлхийн медальтнууд байсан. Гэхдээ энэ медаль бол миний хамгийн том тэмцээн байлаа. Тамирчны ялалт хямдхан олддоггүй гэдэг шиг маш их хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилтын үндсэн дээр энэхүү медалийг хүртлээ. Мэдээж дараагийн том тэмцээн бол Парисын олимп. Тиймээс амжилттай оролцохыг хичээнэ" хэмээв.
"Ханжоу 2022" Азийн пара наадмын Жүдо бөхийн хүрэл медальтан Л.Туруунаа,
Энэ удаагийн наадам алдаа, оноо, ухаарал зэрэгцсэн тэмцээн болж өнгөрлөө
"Би хүрэл медаль хүртэх зорилготой яваагүй. Алтан медалийн төлөө зорилго тавьсан байсан. Энэ удаагийн Азийн наадам алдаа, оноо, ухаарал зэрэгцсэн тэмцээн болж өнгөрлөө. Угтаа би Японы тамирчинг хожиж явсан юм. Мөн өнгөрсөн хавар тухайн тамирчинтай өрсөлдөөд хожиж байсан. Гэвч сая партер дээр алдаад хүрэл медалийн төлөө барилдсан. Хавар хожчихсон юм чинь хожих байх гэж бодсон ч туршлага дутаж, алдаа гаргасан. Гэхдээ дараа дараачийн тэмцээн олон байна. Олимп ч ирэх хавар болно. Олимпоос медаль хүртэх зорилго тавьсан" гэсэн юм.
Мөн "Ханжоу 2022" Азийн пара наадмаас Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Баттөгс ийнхүү сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр,
Том зорьж жижиг дээр унадаг шиг алтын дайтай ХҮРЭЛ медаль хүртлээ
"Хоёр дахь удаагаа Азийн наадамд оролцож байна. Том зорьж байж жижиг унадаг гэж ярьдаг шиг алтан медалийн төлөө барилдахаар явсан ч хүрэл медаль хүртсэн. Гэхдээ сэтгэгдэл маш өндөр байна. Алтын дайтай хүрэл авсан. 2024 оны Парисын олимпоос медаль авахыг хүсэж, бэлтгэлээ хийгээд явж байна" гэв.
Мөн энэ үеэр тамирчид ХНХ-ын сайд Х.Булгантуяад хандан өөрсдийнхөө өмнө тулгардаг асуудлаа илэрхийлсэн бөгөөд үргэлж дэмжиж, хамтарч ажиллаж байхыг хүссэн юм.
"Та бидний итгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан олдоогүй" гэх үгийн утгыг гаргаж, дэлхийн тавцанд төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн эдгээр болон бусад бүх тамирчнаараа Монголчууд үргэлж бахархаж явах биз ээ.