Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 14 хоногт нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалтыг холбогдох газруудтай хамтарч хийлээ. Тус бүсэд 10 зуслан байдаг ба зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгосон" гэлээ.
НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монголд тарваганы тархац нутаг хумигдаж улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оноос эхлэн суурьшлын бүсийн монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд байгаль хамгаалагчдын дунд "Хавхгүй нийслэл 2020" уралдааныг зохион байгуулаад хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн” гэв.