Нийслэл хотод амьдрал үргэлжилсээр. Хүүхдэд ээлгүй хот хэмээдэг ч хүүхдийн төлөө сэтгэлтэй хүмүүс маш олон бий. Тэдний нэг бол үлгэр жишээ хосууд болох Г.Ганзориг, Б.Отгонзаяа нар юм. Хүн бүрийг инээмсэглэн угтаж, эелдэгээр үйлчлэх тэд "Хүүхдүүдэд зориулан үнэгүй утсыг суурилуулж, ээж, аавтайгаа холбоо барих гүүр нь болж, инээмсэглээд гүйх бяцхан үрсээс маш их аз жаргал мэдэрдэг" тухайгаа бидэнд хуучлав.
Орсон гарсанд мэндтэй устай тэд 2 жил гаруйн хугацаанд ТҮЦ ажиллуулж байгаа ба 5 бяцхан үрийнхээ төлөө борви бохис хийлгүй ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа залуус. Иймд Ubn.mn сайт энэ удаагийнхаа "ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА"-аараа тэдний энгийн амьдралыг онцоллоо.
Улаанбаатар хот, Буянт-Ухаа-2 автобусны буудал,
ТҮЦ-рүү орох төдийд эмх, цэгцтэйгээр өрсөн бараа бүтээгдэхүүн харагдана. Нөхөр Г.Ганзориг бараандаа явсан байсан бөгөөд гэргий Б.Отгонзаяа биднийг инээмсэглэн угтав.
Тэдний үйлчлүүлэгч болох нэгэн бүсгүй цахим орчинд тэдний талаарх эерэг мэдээг түгээснийг өглөө босоод л харж суулаа хэмээн Б.Отгонзаяа бидэнд ярина. Тэр ч бүү хэл хүүхдүүдэд зориулан цагаан утсыг худалдан авч, сургуулийн жаалуудыг ээж, аавтай нь үнэ төлбөргүй холбоо бариулдаг гэнэ. Түүгээр ч үл барав хүүхдүүдийн төдийгүй үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, ТҮЦ-үүдэд зарагддаг муу бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаггүй аж.
Орж ирсэн хүн бүртэй эелдэгээр харьцаж, жирэмсэн эмэгтэй, ахмад настнуудаа халуун цайгаар дайлж бас суух сандлыг нь хүртэл бэлдэж өгдөг байна. Яг одоо өвлийн улирал хаяанд ирсэн болоод ч тэр үү өглөө, оройдоо хүйтэн байгаа тул өглөө эртлэн онгойж үдшийн бүрийгээр үүдээ хаадаг байна.
5 бяцхан үрийг нь ээж нь хардаг бөгөөд том нь 9-р ангийн сурагч бол бага нь хоёр ихэр бяцхан гүнж гэнэ. Ирэх жил сургуульд орох бөгөөд 5 үрийг нь ээж нь харж, хоёр хосыг ажил хөдөлмөр эрхлэхэд нь тус дэм болдог аж. Ажлын өдрүүдэд ТҮЦ-ндээ байрлаж ажилладаг бөгөөд амралтын өдрүүдээр л хүүхдүүдийнхээ барааг хардаг тухай Б.Отгонзаяа ярьж байв.
Түүнээс гадна сүүлийн үед "ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа гэх шийдвэр тэдний ТҮЦ-ийг ч дайраад өнгөрч магадгүй тул хэсэг хугацаанд айдастай байгаа бас өртэй үлдээд яахав хэмээн өдөр өдөрт нь бараагаа татаж байна" хэмээсэн юм.
Үнэхээр л өөрсдийгөө ажлын байраар хангаж байгаа тэднийг төр засгаас харж үзэх нь бүү хэл хавчиж байгаа нь энэ. Хүүхэд бүрийн төлөө "За" гэж хэлж байгаа ч үүнийг нь ойлгох хүн цөөн тул ТҮЦ-үүдийг нүүлгэж байна гэж тэрбээр ярилаа.