Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орчны агаарын чанарын хэмжилт хийн хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд агаарын чанарын хяналт, хэмжилт хийж байгааг шалгасан юм.
Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаарт ихээхэн хэмжээний тоосонцор бий болдог. Хэмжилт хийснээр агаар дахь тоосонцорыг тодорхойлж, стандартаас давсан тохиолдолд бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Хэмжилтийн үр дүнгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар аж ахуйн нэгж байгууллагуудад хуулиар хүлээсэн арга хэмжээ авч ажилладаг юм.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хөрсний болон агаарын бохирдлыг цогцоор нь бууруулахын тулд экологийн хуудсыг бий болгож, газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагаа давхар ухамсарлах ёстойг сануулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
40 орчим мянган тонн сайжруулсан түлшийг нөөцөлжээ
Сайжруулсан түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гилл агуулахад ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 200 мянган тонн сайжруулсан түлшийг 5-9 дүгээр саруудад нөөцлөх, агуулахын нөхцөл байдлын судалгааг хийх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй агуулахад нийт 40 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Энэ зун бороо хур ихтэй байгаа учир сайжруулсан түлшний нөөцлөлтийг битүү агуулахад хийж байна. Дүүрэг бүрд 60 мянган тонн түлшийг нөөцлөх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ирэх сард 100 орчим мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх шаардлагатай байгаа” хэмээлээ.
“Наймдугаар сарын 1-нээс эхлэн дүүрэг бүрд “Түлшээ нөөцлөе” аяныг өрнүүлж ажиллана. Ингэхдээ иргэд одоогийн байдлаар ажиллаж буй 93 түлш борлуулах цэгээс нэг тонн түлш нөөцлөх боломжтой болох юм.
Харин зорилтот бүлгийн иргэдэд 100-150 мянган төгрөгийн нэг тонн сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгох ажлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулна.
Судалгаагаар 1,660 гаруй айл өрхөд сайжруулсан түлш олгоно” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс