Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.
Одоогоос 384 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...1639 онд Өндөр гэгээн Занабазарыг шарын шашны тэргүүнээр өргөмжлөн Өргөө байгуулан өгснөөс хойш өнөөдрийн Улаанбаатар хот үүсэж байгуулагдсан түүхэн үйл явдлыг бид өвлүүлэн мэдүүлж, сурталчлан таниулах ёстой. Өв уламжлалаа таниулах, үр хойчдоо өвлүүлэх, хадгалуулах, хамгаалуулах зорилгын үүднээс бид жил бүр Нийслэлийн шав тавьсан дурсгалт газар болох “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуураа цэнгүүлдэг уламжлал тогтсон. Энэ бол Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм. Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.
Мөн нийслэлийн өдөр буюу өнөөдөр гал голомтоо бадрааж, хуримаа хийж буй залуу хосод нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ.
Ийнхүү нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.