“ТАТАР” хамтлагийн ахлагч Д.Батзаяатай ярилцлаа.
-“Татар” хамтлагийн ахлагч Заяаг тайзан дээр байгааг харахад их “галзуу” харагддаг. Уулзаад ярилцсан чинь их даруухан хүн байна?
-20 жилийн өмнөөс л ярилцлага өгч чаддаггүй байсан. Одоо ч чаддаггүй. Манай хамтлагын Ч.Жаргалсайхан, Д.Мөнхчулуун хоёр л ярилцлага өгдөг. Даруухан байхын тухайд бол долоон жилийн өмнөөс ийм болсон. Товчхондоо бол долоон жилийн өмнө ээжийгээ алдснаас хойш шоу цэнгээнд сэтгэл хөдлөхөө больж, даруухан болсон. Долоон жилийн өмнө бол серьезный, эмоцитой, чиний хэлдгээр “галзуу” хүн байлаа. Одоо бол илүү, дутуу хөдөлгөөн хийдэггүй. Их даруу хүн болсон. Бас их таргалсан. Гадуур, дотуур байнга гарахаа больчихоор ингээд жин нэмчихдаг юм байна.
-Таныг хамтлагийнхаа бүх дууны үгийг бичсэн гэдэг. Таны дуунууд яаж “төрдөг” вэ. Сэдэл санаагаа яаж олдог бол?
-20 жилийн өмнө бол нийгэмд байгаа асуудлыг өөрийн өнцгөөр харж, дүгнэж бичдэг байлаа. 15 жилийн өмнө бол хайртай охиндоо зориулж их олон дуу бичсэн. Миний хайрын дуунууд бүгд эзэнтэй. Нэг л охинд зориулж бичигдсэн байдаг. Ер нь бол дуу болгон үйл явдалтай. Тодорхой эзэнтэй. Анх яагаад дууны шүлэг бичиж эхэлсэн бэ гэвэл Ч.Жаргалсайхан бид хоёр долоо хоногийн дараа шүлгүүдээ цуглуулъя гэсэн чинь Ч.Жаргалсайхан долоон шүлэгтэй ирлээ. Бурхан минь ямар аймар юм бэ. Аргагүй л онц сурлагатан юм даа л гэж бодсон. Тэгээд харин нэгхэн бадагтай очсон. Гэтэл минийх хип хопод байдаг сүүл холболттой байж таараад. Ч.Жаргалсайханых сүүл холболтгүй байсан. Тэгээд л би дуунуудынхаа шүлгийг бичиж эхэлсэн.
-Нийт хэчнээн дууны шүлэг бичсэн байдаг вэ?
-Би тоолж үзээгүй юм байна. 100 гарчихсан байдаг санагдаад байна. Ер нь хамтарсан дуунуудыг ихэнхийг нь л би үг, аятай нь хамт хийчихсэн байдаг санагдаж байна.
-Хайрын тухай дуунуудыг хайртай охиндоо зориулж бичсэн гэсэн. Тэр дуунуудын эзэн одоо хамт байдаг уу?
-Хамт байхгүй ээ. Тусдаа сайхан амьдарч байгаа.
-Улаанбаатарын нулимс дууны үгийг та бичсэн байдаг. Дууны түүхээс хуваалцаж болох уу?
-Улаанбаатарын нулимсыг тухайн үеийн нийгэм, залуучуудын харилцаанаас сэдэвлэж, өөрт мэдрэгдэж байгаа зүйлүүдийг л бичсэн. Маш хурдан хугацаанд бүтсэн дуу гэж хэлж болно. Долоо хоногийн дараа CD хэвлэлтэд явах гээд байдаг. Гялс нэг дуу хэрэгтэй байна гэхээр нь хийж байлаа. Сүүлд MO’G, GINJIN хоёртой хамтарч дуулсан.
-Танай хамтлагийн дуунуудаас таны хувьд хамгийн үнэ цэнэтэй уран бүтээл ямар дуу вэ?
-“Нулимс дуссан хайр” remix гэдэг дууг онцолмоор санагддаг. Гитартай хувилбарыг нь хийчхээд хоолойг нь хамгийн анхны удаа аяан дээр биш дуулчихсан хоолойн дээр ая хийж байсан. Маш гоё болчихсон санагддаг.
МАНАЙ ХАМТЛАГ ТАРАХГҮЙ. ТОГЛОЛТЫН ДАРАА ХӨГЖМИЙН ДУУГАРАЛТТАЙ ХОЛБООТОЙ МАРГААН ҮҮССЭН
-Дахиад тоглолт хийхээр товоо зарласан байсан. Яагаад дахин тоглолт хийхээр болсон юм бол?
-Том тоглолтоо хийчихсэн. Үүнийхээ дараа 20 жилдээ багтаагаад оркестртой амьд тоглолт хийе гэж ярьж байснаа ажил болгож байна гэж ойлгож болно. ON & OFF продакшнтай хамтраад ажиллаж байгаа.
-Хип, хоп хамтлаг оркестртой тоглоно гэхээр хүмүүст төсөөлөгдөхгүй байх шиг байна?
-Манайд анхных болохоор тэгэх байх. Гаднын улс орнуудад бол зөндөө л байдаг. Том одууд оркестртой тоглох тохиолдол их байдаг юм билээ. Бид нэг тоглолтыг нь үзсэн. Тухайн үед ийм тоглолт хийнэ дээ гэж бодож байснаа 20 жилээрээ ажил болгож байгаа нь энэ юм.
-"Бороо" тоглолтын дараа танай хамтлагийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн постын талаар та юу хэлэх вэ. Тухайн үед ямар нэгэн асуудал үүссэн юм уу?
-Хөгжмийн дуугаралттай холбоотой жаахан маргаан бид гуравын дунд үүссэн. Үүнээс улбаалаад орсон пост гэж ойлгож болно. Хамтлагт байдаг энгийн л нэг жижиг маргаан. Төд удалгүй эвлэрч, учраа олцгоосон. Дараагийн тоглолтын бэлтгэл ажилдаа орчихсон явж байна даа.
-Энэ удаагийн тоглолтод хэдэн дуу дуулагдах вэ?
-30 гаруй дуу төлөвлөгдчихсөн явж байгаа. Энэ удаагийн тоглолт оркестртой, улаан хивсний ёслолтой гээд маш гоё классик тоглолт болно. Хөгжмийн дуугаралтын тухайд бол маш сайн хийгдэж байгаа. UG ARENA-г нэлээн сайн дугаргана гээд төлөвлөчихсөн. Дугаргаад эхэлчихсэн байгаа. Нэмээд хэлэхэд тоглолт маань оркестртой, гоё классик орчин бүрдүүлж байгаа учраас залуучууд гоё костюмтай, охидууд нь хүндэтгэлийн хувцастай ирвэл зүгээр болов уу гэсэн уриалга гаргасан. Бид нарын хүсэл гэж ойлгож болно.
-Киноны ажил ямар шатандаа явж байгаа бол?
-Одоогоор зохиолын ажил дээрээ явж байгаа. Дөрвөн улирлын зураг авалттай кино болохоор удаан хийгдэнэ. Зуныхаа зураг авалтуудыг хийчихсэн.
-20 жилийн ойн дараах төлөвлөгөө том зургаараа гарсан уу. Ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
-Төлөвлөгөө гаргаад эхнээс нь хэрэгжүүлээд л явж байна. Хамгийн эхний ажил оркестртой тоглолт байсан. Шинэ дуунууд, шинэ кино бас хийж байгаа. Аялан тоглолтууд төлөвлөж байна. Европ, Америк, Англи, Австрали гээд дэлхий дээр байгаа бүх монголчууд дээрээ очиж тоглоно. Хөдөө орон нутгийг бас ярьж байна.
-20 жилийн турш та бүхэнтэй хамт байсан үнэнч сонсогчиддоо хандаж юу хэлмээр байна?
-Бүгдэд нь маш их баярладаг. Та хэд байгаагүй бол бид нар байхгүй. Маш их баярлалаа гэж л хэлмээр байна.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.