Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Иргэнийг сэжигтэн болохоос эхлээд буруутай эс буруутай болохыг нотлох хүртэлх процесст 99 хувийг нь шүүхийн шийдвэргүй баривчилсан гэж байна. Энэ хүмүүсийн 50-60 хувь нь тодорхой хугацааны дараа хорих шаардлагагүй болоод процесс үргэлжилсэн гэх. Эндээс харахад, сэжиглэхээс эхлээд шүүхийн алх цохих хүртэлх энэ урт замын эхний хэсэгт богинохон зам дээр хүний эрхийг зөрчиж болох маш том ангал байж болдгийг энд яригдаж байгаа тоонууд харуулж байна. Ц.Туваан гишүүн бид хоёр Зүүн хараа дахь нээлттэй хорих ангид хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнийг эргэж очсон. Энэ үеэрээ тэнд хүмүүжиж байгаа иргэдтэй камерт нь орж уулзсан. Олон нийт хууль чанга байна. Магадлангаар гараад байгаа асуудлыг болиулах ёстой гээд байдаг. Гэтэл хоригдож байгаа залуус календарийн цаас гаргачихсан. Нэг хоног ч гэсэн хасуулахын төлөө сахилгын шийтгэл авахгүй байхын гэж хэчнээн их хичээдгийг харлаа. Хуулийн энэрэл өршөөл, магадлан гэдэг зүйл байдаг нь энэ хүмүүс хүмүүжих мотиваци болж өгдөг гэдгийн ангийн удирдлагууд нь ч хэлж байна" гэлээ.