Аялал жуулчлалын хэвлэл мэдээллийн "Lonely Planet" компани 2024 онд аялахад хамгийн тохиромжтой улсаар Монголыг тодруулжээ.
Тус компани жил бүр гаргадаг "Best in Travel" жагсаалтдаа зочлоход хамгийн тохиромжтой топ 10 улс, 10 хот, 10 бүс нутгийг нэрлэдэг. Харин 2024 оны топ 10 улсын жагсаалтдаа өргөн уудам нутаг, адал явдлаар дүүрэн аялал, баялаг соёл уламжлалыг нь харгалзан Монгол Улсыг нэгдүгээрт оруулж, алтан медалиар шагнаснаа мэдээлсэн байна. Түүнчлэн Монгол Улс аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээ авч, 2025 он хүртэл визний хязгаарлалтаа хөнгөвчлөн үүд хаалгаа нээгээд байгааг онцолжээ.
"Best in Travel 2024" жагсаалтад мөн Энэтхэг, Марокко, Чили, Бенин улсууд аялахад тохиромжтой орнуудын эхний байруудад бичигдсэн бол хотуудын жагсаалтыг Кенийн нийслэл Найроби, Францын нийслэл Парис, Канадын Монреаль хотууд, харин бүс нутгуудын жагсаалтыг Баруун Балканы Трансдинар, Өмнөд Австралийн Кенгуру арал, Италийн Тоскана тус тус тэргүүлсэн байна.
Эх сурвалж: Bloomberg, Lonely Planet