Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг автобус худалдан авах тендер зарласан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Автобус худалдан авах нээлттэй тендерийг энэ сарын 24-нөөс эхлүүлэхээр зарласан. Ирэх сарын 24 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилээд дуусна. Эхний багцыг цуцалсан.
Арванхоёрдугаар сарын эхээр гэрээг хийж, автобуснуудыг нийлүүлэх компаниас хуваарийн дагуу авахаар төлөвлөж байна. Энэ бол нийслэлийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах тендер.
Бид санхүүгийн эх үүсвэртээ тааруулж 600 автобус авах тендерийг зарласан. Энэ ондоо багтаан үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна. Цуцлагдсан тендерийн урьдчилгаа мөнгө шилжүүлсэн асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Шалгалтын дараа тооцоо нийлэх асуудал яригдаж эхэлнэ.
Өмнө нь авсан 55 цахилгаан автобус, дизель 20 автобус үйлчилгээнд гарчихсэн явж байгаа. Мөн дунд оврын 50 автобус хүлээж авсан, гэр хорооллын холбоос замуудаар удахгүй үйлчилгээнд гаргана" гэлээ.