Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон түүний гэргий Н.Цэлмүүн нарт Парисын Ланди гэх замын ойролцоо өчигдөр таксигаар зорчиж яваад халдлагад өртөж, дээрэмдүүлсэн байна.
Тодруулбал, Н.Цэлмүүний цүнхэнд 600 мянган еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл байсан гэх мэдээлэл цахим орчинд гарч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Н.Цэлмүүн дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,
"Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё" гэжээ.