Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Нээлттэй Хөвсгөл -2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
Энэхүү өдөрлөг нь Бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.
Хоёр өдөр үргэлжлэх нээлттэй өдөрлөгөөр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлийнхөн дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг болно.