УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Бид сүүлийн жилүүдэд дотоодын нөөц бололцоогоо ашиглан хөгжлийн басхүү эдийн засгийн судас болсон авто болон төмөрзамын томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадсан. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна. Үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр ажиллаж байна.
2023 онд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 415 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулаад байна. Орос Хятадыг мөн Европ Азийг холбосон төмөр замын зүүн коридорыг байгуулах төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангагдаж байна" гэлээ.