Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү Сүхбаатарын талбайн цэцгийг хулгайлж буй талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:
-Өвлийн турш хүлэмжинд ургуулсан цэцгүүдээ гаргаж ирж тарьж хотоо гоё болгох гэхээр хулгайлаад явчих юм. Өдөр нь тарина, шөнө нь байхгүй. Яах вэ? Талбайд ялангуяа үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна.
Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юм аа. Энэ хот бидний л гэр. Хотоо хамтдаа арчлаад гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Та бүхэн ч гэсэн шөнөдөө гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна. Хотдоо эзний сэтгэлээр хандацгаая.