Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Энхтайван: Ирэх жилүүдэд гадаадын банкийг оруулж ирж, хөрөнгө оруулалт татахад Монголбанкны бодлого төвлөрнө

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 42 секунд

Төрөөс мөнгөний бодлогод 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Үндсэн чиглэлд тусгагдсанаас хамгийн анхаарал татаж буй хэсэг нь гадаадын банкийг оруулж ирэх чиглэл юм. Тэгвэл энэ талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайвантай ярилцлаа.

-УИХ-аар ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ. Зарим гишүүдийн зүгээс өнгөрөгч оны мөнгөний бодлогын хэрэгжилт хангагдаагүй байхад яг адилхан зүйлийг оруулаад ирлээ гэдэг байдлаар шүүмжлэлтэй хандаж байна?

-Өнгөрсөн онд төрөөс мөнгөний бодлогод баримтлах бодлогыг батлахдаа төв банк инфляцыг нэг оронтой тоонд барих үүргийг өгсөн. Наймдугаар сарын байдлаар инфляц арван хувьтай байна. Долоодугаар сарын байдлаар 9.2 хувьтай орж ирж байна. Төв банкны төсөөллөөр дараагийн саруудад буюу 10,11 дүгээр саруудад инфляц нэг оронтой тоонд орно. Энэ онд хагас жилээр УИХ-аас батлагдсан төсвийн тодотголтой холбоотойгоор инфляцын төсөөлөлд шинэчлэл өөрчлөлт орсон. Инфляц нэг оронтой тоонд орох хугацаа хойшилсон.

-Ирэх 2024 оны Улсын төсвийг өргөн бариад байгаа шүү дээ. Энэ удаагийн мөнгөний бодлого нь ирэх оны төсөвтэйгөө хэр уялдаж боловсруулагдаж чадсан гэж та бүхэн харж байгаа вэ?

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Энэхүү байгууллагад Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга ордог. Энэхүү зөвлөлөөр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл мөн улсын төсөв аль аль нь хэлэлцэгдсэн. Тэгэхээр Сангийн яам, Төв банк хоорондоо баримтлах бодлого, төсөөллүүдээ нэгтгэсэн гэсэн үг.

-Мөнгөний бодлогын чиглэлд тусгагдсан хамгийн анхаарал татах сэдэв нь гадаадын банкийг оруулж ирэх явдал байлаа?

-Тийм ээ. Энэ удаагийн үндсэн чиглэлийн хамгийн голлох заалт нь 2024 онд гадаадын банк санхүүгийн байгууллыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжийг нээнэ гэсэн зохицуулалт орж байгаа. Энэ хүрээнд төв банк гадаадын банк санхүүгийн байгууллага Монголд ажиллах урьдач нөхцлийг бүрдүүлж, холбогдох журам стандартуудыг илүү уян хатан байдлаар зохицуулж тэдгээрийн бизнес хийх орчныг хангасан байдлаар дүрэм журмаа өөрчилнө. Энэ хүрээнд төв банк хэд хэдэн бодлогын арга хэмжээнүүдийг аваад явж байна. Өнгөрсөн онд батлагдсан хөрөнгө оруулалтын тухай хууульд заасан найман журмыг дотоодын арилжааны банкуудын мөрдөж буй журамтай харьцуулахад хамаагүй хөнгөлөлттэй нөхцөлөөр баталж зах зээл дээр мөрдүүлээд явж байна. Энэ хүрээнд гадаадын банк санхүүгийн байгууллагуудад дүрмийн зохицуулалтуудыг таниулах, тэдгээрийн төлөөллүүдтэй уулзах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Гадаадын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэх нь эдийн засгийг тэтгэх бодит секторт маш том дэмжлэг болно-

-Өнгөрсөн хугацаанд гадаадын банк санхүүгийн байгууллагад дотоодод оруулж ирэх чиглэлд шүүмжлэлтэй хандаж ирсэн хүмүүс цөөнгүй. Гадаадын банкийг дотоодод оруулж ирснээр эдийн засагт үүсэх ач холбогдлын талаар дурдвал?

-Эдийн засагт учраад буй хамгийн суурь асуудал бол сүүлийн 20 гаруй жилийн турш урсгал тэнцлийн алдагдалтай явж ирсэн. Урсгал тэнцлийн алдагдал нь өөрөө ДНБ-ий бараг 20 хувьтай тэнцэж байна. Энэ нь манай улс олж байгаагаасаа хамаагүй ихийг зарлагадаж байгааг илтгэж буй юм. Тэгэхээр урсгал тэнцлийн алдагдлыг бид өмнө санхүүгийн дансны ашгаар нөхөж явсан. Гадаад орчны нөхцөл байдал, гадаад санхүүжилтийн өртөг ихсэж байгаатай холбогдуулан гадаад зээл тусламжаар урсгал тэнцлийн алдагдлыг хаавал маш хүндрэлтэй болж ирнэ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа санхүүгийн салбарт гадаадын банк орж ирснээр эх үүсвэр нэмэгдэнэ. Эх үүсвэр нэмэгдсэнээр эх үүсвэрийн зардал буурна. Хүртээмж нэмэгдэнэ. Ингэснээр зээлийн хүү буурна. Зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Энэ нь эргээд эдийн засгийг тэтгэх бодит секторыг дэмжих маш том дэмжлэг болно гэж харж байгаа. Тиймээс санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Монголбанкны ирэх жилүүдэд баримтлах үндсэн гол бодлого төвлөрнө. Гадаадын хөрөнгө оруулалт, ДНБ-ий харьцаа нэг хувиар өсөхөд ДНБ-ий өсөлт хоёр хувь хүртэл өсдөг статистик судалгаанууд бий.

-Үйл ажиллагаа явуулах урьдач боломжийг бий болгосон гэж та яриандаа дурдлаа. Тэр дундаа зохицуулалтууд дунд дотоодын арилжааны банкийг худалдах авах замаар гэж дурдсан байсан?

-Гадаадын банк, санхүүгийн байгууллага Монголд орж ирэх дөрвөн төрөл бий. Нэгдүгээрт, одоо дотоодод үйл ажиллагаа явуулж буй банкны хувьцааг худалдаж авах. Хоёрдугаарт, гадаадын банк санхүүгийн байгууллага өөрийн салбар төлөөлөгчийн газраа нээх. Гуравдугаарт, шинээр батлагдсан хөрөнгө оруулалтын банкны хуулийн дагуу охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах. Дөрөвдүгээрт, шинээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкийг худалдаж авах зэрэг арга замууд байгаа. Зарим нэг арилжааны банкин дээр худалдаж авах процесс явагдаж байгаа. Үүнд төв банк үйл ажиллагаанд нь хяналт тавиад явж байна.

-Ер нь манай улсад үйл ажиллагаа явуулахаар сонирхож, хүсэлтээ гаргасан гадаадын банк санхүүгийн байгууллага байна уу?

-Одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргасан гадаадын банк санхүүгийн байгууллага байхгүй.

Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдын тамга тэмдгээ Б.Энхбаярт албан ёсоор хүлээлгэн өглөө
Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдын тамга тэмдгээ Б.Энхбаярт албан ёсоор хүлээлгэн өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.