Хүүхэд шуугисан их өргөө бол яах аргагүй сургууль. Хүн бүр амьдралынхаа хамгийн сайхан мөчийг зөвхөн тэнд л өнгөрүүлж, нэг насныхаа анд, нөхрийг олдог газар ч мөн сургууль. Бас юу хийж, яаж амьдрахаа ч мэдэхгүй яваа алдрай бяцхан жаалуудын амьдралд нь өнгө нэмж, анхны алхмаа хийхэд тусладаг хүн бол яах аргагүй багш.
Тийм ч учраас хүн бүр 10 жилийнхээ дурсамжийг мартахгүй, насан туршдаа сэтгэлдээ тээдэг биз. Тэгвэл энэ жил "Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 57 дахь өдөр" тохиож буй бөгөөд Ubn.mn сайтын сурвалжлах баг Нийслэлийн 32-р сургуулийг зорьж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
32-р сургууль, 1д анги
Манай сайтын сурвалжлах баг тус сургуулийн 1д ангид зочлов. Биднийг ангид ороход хүүхдүүд маань үдийн цайндаа орж байлаа. Түүнээс гадна энэ ангид өнөөдөр тус сургуулийн 11а ангийн сурагч Б.Тэмүүлэн багшилж байв.
Учир нь энэ өдөр бол "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР". Энэ өдөр бол ахлах ангийн сурагчдын бас багш нарын хүсэн хүлээдэг өдөр бөгөөд сурагчид багш нарынхаа мэргэжлээр бахархаж бас хүүхдүүдэд хичээл заахын хэцүү бэрхтэй танилцах өдөр юм.
Бид өнөөдөр ангийн багш хийж буй 11а ангийн сурагч Б.Тэмүүлэнтэй ярилцахад,
1-р ангийн хүүхдүүд болон ахлах ангийн хүүхдүүдийн ялгааг мэдэхийн тулд өнөөдөр 1-р ангийн багш болсон
"Өнөөдөр бол багш нарын баярын өдөр. Тиймээс манай сургуулийн ахлах ангийн сурагчид өнөөдөр багш нарынхаа мэргэжлээр ажиллаж, хүүхдүүдэд хичээл зааж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхдүүдтэй ажиллахад үнэхээр сайхан юм.
Дээр нь сургууль дээр багш нар маань сурагчийнхаа формыг өмсөөд явж байна лээ. Яг л сурагч шиг харагдаж байсан. Бас хүүхэд насныхаа тэр дундаа сурагч үеэ дурсаад их гоё байгаа байх.
Би энэ удаа нэгдүгээр ангийн багш болсон. Яагаад нэгдүгээр ангид багшилж үзэхийг хүссэн бэ гэвэл ахлах ангийн хүүхдүүд болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн ялгаа ямар байдгийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн. Ер нь бол асар ялгаатай байна. Намайг жаахан байхад энд тэндгүй үймүүлээд л гүйж байдаг байсан. Одоо харин хүүхдүүд үгэнд сайн ордог болсон байна.
Бас хүүхдүүд уйлахаар их хэцүү санагдлаа. Зарим нь уйлаад л. Уйлах тоолонд нь гарч нүүрийг нь угаалгаж орж ирээд аль болох тайвшруулахыг хичээж байна" гэсэн юм.
Харин 1д ангийн бяцхан сурагчид сэтгэгдлээ ийнхүү илэрхийлсэн юм.
Сэргэлэн охин Д.Уранзаяа,
Багш нартаа баярын мэнд хүргэе
"Өнөөдөр багш нарын баярын өдөр болж байгаа. Тэр ширээн дээр харагдаж байгаа аяган бялууг багш нарт бэлдсэн. Бас манай ангид энэ эрэгтэй багш өнөөдөр хичээл заасан. Бас бид нарыг томоотой сууж байна уу үгүй юу гэдгийг шалгасан. Багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Хайртай шүү" гэв.
Мөн энэ ангийн хамгийн ахмад сурагч Т.Цэгээн-Ишүү,
Хичээл зааж байгаа багшийнхаа нэрийг мэдэхгүй байна. Одоо нэрийг нь асууна
"Би энэ ангид дүүтэйгээ сурдаг юм. 7 настай. Дүүгээ хүлээгээд энэ ижл хамт нэгдүгээр ангид орсон. Өнөөдөр багш нарын баярын өдөр.
Одоохондоо энэ багшийн нэрийг мэдээгүй байна. Гэхдээ би одоо асууна аа. Түрүүн бид нарт монгол хэлний хичээл заасан. Маш их таалагдаж байна. Бас баярын мэнд хүргэе. н.Оюун-Эрдэнэ багшдаа хайртай шүү" хэмээн ангийнхаа сурагчдыг төлөөлөн сэтгэгдлээ илэрхийлэв.
Түүнээс гадна 1д ангийн сурагч, даруухан хөөрхөн охин Э.Эмүжин,
Багш нарын баярын өдөр болохоор энэ багш хичээл зааж байгаа
"Өнөөдөр манай ангид Б.Тэмүүлэн гэдэг багш орж байна. Би нэрийг нь цээжилсэн. Энэ багш багш нарын баярын өдөр болохоор хичээл зааж байгаа байх. Өнөөдөр их гоё өдөр байна" гэсэн юм.
Ийнхүү бид "Сурагчийн нэг өдөр"-тэй танилцаж, энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцаж буй бяцхан хүүхдүүдтэй хэсэг хором ярилцсан юм. Бүгд багшийнхаа үгэнд сайн орж, багшдаа хайртай гэдгээ илэрхийлж байв. Харин сурагч багш Б.Тэмүүлэнгийн хувьд нэгдүгээр ангийн хөөрхөн жаалуудтэй нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, багш нарынхаа мэргэжлийн онцлог хийгээд аз жаргалтай мөчийг ч мөн мэдрээд амжлаа.