Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМИЙН САНГААС: “Хэд вэ, за за ганцхан өвчин намдаах эмийг нь л авъя“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 42 секунд

"Хэд вэ, за за ганцхан өвчин намдаах эмийг нь л авъя"

Энэ хариулт ГССҮТ дотор үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн эм зүйч Б.Ууганцэцэгийг хамгийн ихээр эмзэглүүлж, сэтгэлийг нь өвтгөдөг. ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг өдөрт дунджаар 500 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хөл, гар нь хугарсан, тархи, толгой нь хагарсан, зөөлөн эдийн гэмтэл гээд хүнд, хөнгөн гэмтсэн хүмүүс эмчдээ үзүүлж, оношоо тодруулчихаад бичиж өгсөн эмнүүдээ авахаар эмийн санг чиглэнэ. Өвчин зовлон хэлж ирдэггүй учраас мөнгөтэй, мөнгөгүй янз бүрийн хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг. Халаасан дахь 20 мянган төгрөгөө тэмтрээд эмчийн бичсэн эмнүүд энэ мөнгөнд таарах болов уу гээд итгэлгүйхэн алхах хүн олон. Харамсалтай нь, гэмтэл бэртлийн үед уух зориулалттай эдгэрэлтийг түргэсгэх эмнүүд дэндүү үнэтэй учраас нийт дүнг нь сонсоод "За за ганцхан өвчин намдаах эмийг нь л авъя" гээд бусад эмнүүдээ буцаах хүн олон байдаг аж. Хамгийн түгээмэл тохиолддог хөлний хугарлаар жишээ татахад, гипсдүүлснийхээ дараа хамгийн түрүүнд суга таяг, кальци, барагшун авахаар эмийн санг зорьдог байна. Эдгээр нь нийлээд хамгийн багадаа 100 мянган төгрөг болдог учраас авч чадахгүй гардаг хүн олон байдаг аж.

Бид ГССҮТ-ийн эмийн санч Б.Ууганцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай эмийн санд өдөрт дунджаар хэдэн үйлчлүүлдэг вэ?

-Манай эмийн сангаар өдөрт дунджаар 50-60 хүн үйлчлүүлдэг. Ихэвчлэн хөл, гар нь хугарсан хүмүүс бэхэлгээ, таяг, кальци, барагшун авахаар орж ирдэг.

-Эдгээрийн үнэ нийлээд хэд орчим төгрөг болдог вэ?

-Үнийн хувьд нилээн үнэтэй тусдаг. Хамгийн багадаа 100 мянган төгрөг болно. Үнэтэй сайныг нь авбал бүр өндөр дүн гарна гэсэн үг. Тухайлбал, бэхэлгээ 25-300 мянга, таяг 40-70 мянган төгрөгийн хооронд байдаг. Кальци, барагшуныг ихэвчлэн сараар уухаар бичиж өгсөн байдаг. Үнийн хувьд, кальци нэг сар уух нь 130-140 мянга, барагшун 35-40 мянган төгрөгийн үнэтэй. Өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд учраас авч чадахгүй гарах хүн олон бий.

35-40 мянган төгрөгөөр 100 хувийн цэвэр БАРАГШУН авах боломжгүй хүмүүс 1000-1500 төгрөгийн үнэтэй барагшунтай үрэл аваад гардаг.

-Тооцоолоогүй, гэнэтийн зардал учраас шууд 100 мянган төгрөг тоолоод өгөх зарим хүмүүст амаргүй байдаг байх. Үнийг нь сонсоод авч чадахгүй гарах хүн хэр олон байдаг вэ?

-Маш олон байдаг. Эмчийн бичгээ үзүүлээд үнийг нь бодуулчихаад "Зүгээр л өвчин намдаах эм авъя" гээд гараад явж байгаа хүмүүсийг хараад маш их эмзэглэдэг. Зарим хүмүүс нь "За түр хүлээж байгаарай" гээд аав, ээж, ах, дүү, хамаатан садан, найз нөхөд рүүгээ ээлжилж залгаад мөнгө асуугаад зогсчихдог. Мэдээж шууд мөнгөө тоолж өгөөд авдаг хүмүүс ч олон байгаа. Гэмтэж бэртсэн бага насны хүүхдээ дагуулж орж ирчихээд авч чадахгүй өвчин намдаагч аваад гарч байгааг харах маш хүнд. Зарим нь "Танайхаас өөр газар арай хямдхан байгаа болов уу. Заавал уух шаардлагатай юм болов уу" гээд асуугаад зогсчихдог. "Та асуугаад үзээрэй" гэхээс өөр үг хэлж чаддаггүй. Антибиотикуудын тухайд манайх хөнгөлөлттэй эмээр үйлчилдэггүй учраас "Та хөнгөлөлттэй эм зардаг өөр эмийн сангаас энэ эмнүүдээ аваарай. Манайд байгаа ч хөнгөлөлт байхгүй" гэж хэлээд гаргах үе ч олон бий. Ашиг орлогоо бодвол хамаагүй зараад гаргамаар байвч өдөр болгон ийм хүмүүстэй харьцаж, зовлонг нь ойлгодог болчихсон учраас сэтгэл өвдөөд байдаг юм.

ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна
ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.