Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам Сингапурын “Gardens by the Bay” цогцолбортой хамтран Монголын байгаль, соёл, уламжлал, нүүдэлчдийн аж амьдралыг сурталчилсан үзэсгэлэнг 2023 оны 9 сарын 29-ний өдөр тус цогцолборын “Цэцэгсийн хүрээлэн”–д нээлээ. Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр, дээрх цогцолборын гүйцэтгэх захирал Феликс Ло нар тус тус үг хэлж, нээлтийн арга хэмжээнд Сингапурын Ерөнхий сайдын Ажлын албаны сайд бөгөөд Гадаад хэрэг, боловсролын асуудал хариуцсан хоёрдугаар сайд доктор Mохамад Малики Осман, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, дипломат корпус, Сингапур болон Филиппин улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 190 гаруй хүн оролцов.
Үзэсгэлэнд тусгайлан хийсэн бүрэн тавилгатай монгол гэр, монгол үндэсний хувцас дэлгэн тавигдсаны зэрэгцээ манай үндэсний цэцэг болох бэр цэцэг, цагаалзай (тунхуу) зэрэг Монгол оронд ургадаг олон зүйлийн цэцгийг “Gardens by the Bay” цогцолборын мэргэжилтнүүд тарьж ургуулсан болно. Мөн Монгол орны байгалийн үзэмжит газруудын нэг болох Улаан цутгалангийн хүрхрээ, морь хөтөлсөн монгол малчин болон таван хошуу мал зэргийг загварчлан хийж тавьсан. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд сингапурын мэргэжилтнүүд энэ оны 6 дугаар сард Монгол Улсад зочлон ажилласан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын уран бүтээлчид оролцож, морин хуурын ая эгшиглүүлэн хөөмий, уран нугаралтын үзүүлбэрүүдийг толилуулав. Мөн монгол уран бичлэгээр ирсэн зочдын нэрсийг бичин дурсгал болгов. Үзэсгэлэнг зохион байгуулахад Монголын “Талент Снайп” цахим платформ болон МИАТ ХК тус тус дэмжлэг үзүүлсэн болно.
Үзэсгэлэн ирэх 11 сарын 13-ний өдөр хүртэл ажиллах бөгөөд “Gardens by the Bay” цогцолборт жилд 14 сая хүн зочилдгоос 4,2 сая нь “Цэцэгсийн хүрээлэн”-г үзэж сонирхдог тул нийт 500 мянган орчим хүн Монголын соёл, уламжлал, аж амьдралыг толилуулсан тус үзэсгэлэнг энэ хугацаанд үзэж сонирхоно гэж сингапурын тал тооцоолж байна.