Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2023.09.23-25-ны өдрүүдэд Австрали Улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Австрали Улсын барилгын салбарт ажиллаж буй Монгол иргэдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Австрали Улсад барилгын салбарын ажил, бизнес эрхэлж байгаа 40 гаруй иргэд оролцож, тус улсын барилгын салбарт хэрэглэгдэж буй шинэ дэвшилтэт техник технологи, хөдөлмөрийн үнэлэмж зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл өгч, мөн эх орондоо ажиллах хүсэл сонирхол их байдаг тухайгаа ярилаа.
Тухайлбал, метроны бүтээн байгуулалтын хяналтын инженер С.Золбаяр тус улсад мэргэжлээрээ 4 жил ажиллаж байгаа бөгөөд Монголд метро барих төсөл хэрэгжвэл очиж ажиллах хүсэл их байна гэдгээ илэрхийлж байлаа.
Мөн Монгол хэл дээр мэргэжил эзэмшүүлж, сертификат олгон, ажилд зуучилдаг Австрали дахь мэргэжил сургалтын “Career go training” ХХК-ийг Монголчууд ажиллуулж байна.
Монгол Улсын 13100 гаруй иргэн Австрали Улсад ажиллаж амьдарч байна. Тэдний 80 гаруй хувь нь барилга, бүтээн байгуулалтын салбарт ажилладаг байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн уулзалтад оролцсон залууст хандаж хэлсэн үгэндээ: “Та бүхнээр бахархаж байна. Энд ажиллаж байгаа залуус бүгд л эх орноо хөгжүүлэх зорилготой гэдгийг ойлголоо. Та бүхэн шинэ дэвшилтэт техник технологийн чиглэлээр улам бүр мэргэшиж, түүнийгээ эх орондоо нэвтрүүлж, Улсынхаа бүтээн байгуулалтад оролцож ажиллаарай” гэж хүсжээ.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойгоор салбарын 2023 оны “Шилдэг 10 аж ахуй нэгж”-ийн нэгээр Австрали Улсад үйл ажиллагаа явуулж буй “Мон профейшнл” ХХК шалгарсан.
Эх сурвалж: БХБЯ