Хан-Уул дүүргийн прокурорын газраас Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Тодруулбал, иргэн Ж.Ө нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Хар хорин зах орчмоос Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хушны самар 84,8 кг буюу 3 шуудайг бусдаас худалдан авч, “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Ө-г “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 сая 800 мянган төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн байгаль орчинд учирсан 41 сая 933 мянга 600 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.