МУГЖ С.Жавхлангийн "Дулаахан намар" тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэрбээр өнөөдөр тоглолтынхоо талаар мэдээлэл өгөв. МУГЖ С.Жавхлан "Энэ удаагийн тоглолтдоо урьд өмнөхөөс ч илүү маш их ач холбогдол өгсөн. Нэлээн “цохилттой” сүүлийн тоглолт болох гэж байна. Миний хувьд уран бүтээл хийгээд 23 жилийн нүүрийг үзэж байна. Урлаг гэдэг бол маш хатуу зүйл. Үүнд, арын хаалга гэж байдаггүй. С.Жавхлан гэдэг нэр цаашид мартагдана. Энэ бол жам, хууль. Ямар ч уран бүтээлч хүнд амьдралын, уран бүтээлийн цаг хугацаа гэж байдаг.
Одоо шинэ залуу үе ургаж, гарч ирж байна. Тиймээс нэг байр суурин дээрээ зууралдаад байлгүйгээр сайхан зайгаа тавьж өгдөг байх хэрэгтэй. Мэдээж залуу үеэ дэмждэг байх хэрэгтэй. Цаашдаа миний бие “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд түмэн олноо соён гэгээрүүлэх, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх ажлууд руу түлхүү орох болно.
Тиймээс энэ тоглолтоо “цохилттой” хамгийн сүүлийн тоглолт гэж нэрлээд байгаа юм. Сүүлийн тоглолт гэхээр сонсогч олон минь бүү хүндээр хүлээж авч, хямраасай гэж хүсэж байна. Хүн бага нас, өсвөр нас, залуу нас, идэр нас тэгээд өтөл нас гээд явдаг шүү дээ. Тиймээс С.Жавхлан одоо идэр байгаа энэ цаг үеийнхээ сайхан зүйлсийг Монгол түмэнтэйгээ хамт энэ цаг үед нь домог болгож, хуваалцья гэж бодсон юм. Түүнээс биш өвгөн болсон үедээ тоглолт хийвэл муухай шүү дээ.
Монголчууд намар даарах сайн гэдэг. Гэхдээ үеийн үедээ монголчууд даарч үзээгүй ард түмэн. Тиймээс тоглолт үзэхдээ даяараа дээлтэй ирэхийг уриалж байна. Хамаг монголчууд маань манай тоглолтод цугларна. Тэгэхээр тоглолт үзэх хүн бүрийг үндэсний дээлээрээ гоёхыг дахин дахин хүсч байна" гэлээ.
Тоглолтын найруулга болон зохион байгуулалтын талаар Ж.Дамдинцэрэн “Тоглолттой холбоотойгоор хэд хэдэн уриалгыг санаачилж байна. Дурдвал, “Дээлтэй Монгол” гэсэн уриалга бий. МУГЖ С.Жавхлан үеийн үед дээлтэй байх утга агуулгыг бүх цаг үед хэлж, хэвшүүлж ирсэн. Тиймдээ ч "Сонсогч олон минь дээлтэй ирээсэй. Нэг өдрийг дээлтэй тоглолт үзэж, дулаахан намрыг хамтдаа өнгөрүүлье" гэдэг уриалгыг цахим орчинд нийтэлсэн. Маш олон залуучууд энэ уриалгад хамрагдан, давлагаалж байгааг та бүхэн ч бас харсан байх гэж бодож байна.
Хоёрдугаарт, С.Жавхлан нь Хамаг Монголчуудад хүрсэн уран бүтээлч учраас энэхүү бид зөвхөн нийслэлчүүдээр зогсохгүй, 21 аймгийн иргэдээ ч бас тоглолтод ирэхийг уриалж байгаа юм. Мөн орон нутагт байгаа сонсогч олон минь “Дулаахан намар” тоглолтыг дээлтэйгээ очиж үзнэ гэсэн уриалга зургаа пэйж хуудас руу илгээх боломжтой. Учир нь бид ирсэн зургуудыг пэйж хуудаст байрлуулан, хамгийн их хандалт авсан зургийн эзнийг шалгаруулан тоглолтынхоо урилгыг өгөх бөгөөд тус аймаг руу очиж тоглолт хийх төлөвлөгөөтэй байна" хэмээлээ.
Д.Дөлгөөн