МУИС-ийн Хүрээлэн буй орчны лабораторийн судалгаанаас үзэхэд өдрийн 14:00-16:00 цаг хүртэл агаарын төлөв байдал цэвэр ангилалд байдаг ба тухайн цагт өрөө тасалгааны цонхыг нээж агаар сэлгэх, гадаа гарахад хамгийн тохиромжтой юм.
Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2% нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байна. ДЭМБ-аас хүлцэх хэмжээ нь 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб байна.
Авто замын хажуугийн явган замын орчин нөхцөлөөс хамааран агаарын бохирдолд өртөх шинж нь ялгаатай байна. Тухайлбал,
- Авто замтай шууд залгаа, задгай - явган зам авто замаас 4 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.
- Авто замтай шууд залгаа, хаалт ханатай - явган хүний зам авто зам болон хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс 3 дахин их байна.
- Зүлэг, буттай эсвэл 60 см өндөр, задгай – явган зам авто замаас 2.5 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.
Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгаж байна.
Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцорын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Иймд авто замын ойролцоо хэсгээр бага насны хүүхдээ тэвэрч, 150 метрээс дээш өргөж явах нь зүйтэй.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар олон төвт хотын тогтолцоог хөгжүүлж, 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21%-иар буурна.