Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүүхэд харах үйлчилгээтэй фитнесс клуб нээгдсэн ч нэг ч хүн бүртгүүлээгүй дөрөв хоног СУЛ ЗОГСОЛТ ХИЙЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 55 секунд

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг нийгмийн харилцаанд оруулж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэд зориулсан тусгай өрөөг тохижуулж, мэргэжлийн цэцэрлэгийн багшаар хүүхдээ харуулаад бэлтгэлээ хийх боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн "BAR86" фитнесс клубынхныг UBN сайт онцолж байна.

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд тулгамддаг хамгийн том асуудал нь нийгмийн харилцаанд орж, өөрийгөө хөгжүүлэх боломж хомс байдаг явдал юм. Адаглаад л жирэмслэлтээс үүдэлтэй таргалалттайгаа тэмцэж чадахгүй шантарч, зарим нь сэтгэл гутралд өртөх нь элбэг. Арга ч үгүй юм. Гэрээсээ гаръя, нийгмийн харилцаанд орж, дасгал хөдөлгөөн хийе гэхээр хүүхдээ яах вэ. Хэнд харуулах вэ гэсэн асуудалтай нүүр тулж, арга буюу шантардаг нь нууц биш.

Тэгвэл “BAR86” фитнесс клубынхэн ээжүүдийг бэлтгэлтээ хийж байх үед нь тусгайлан бэлтгэсэн хүүхдийн өрөөнд мэргэжлийн цэцэрлэгийн багшаар хүүхдийг нь харуулж, санаа амар бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Тэд хүүхдийг нь харж өгснийхөө төлөө нэмэлт төлбөр авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үндсэн төлбөрөөс 50 мянган төгрөг хөнгөлж байгаа аж.

“ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭ АШГИЙН ТӨЛӨӨ БУС НИЙГМЭЭ ЭМЧЛЭХ ГЭСЭН ЖИЖИГХЭН САНАА”

Тэд энэ сарын 15-нд буюу өнгөрсөн баасан гарагт ээжүүдийг хүүхэдтэй нь хамт хүлээж авахад бэлэн болсон тухайгаа олон нийтэд мэдээлж зараа тараажээ. Бид зар тарааснаас дөрөв хоногийн дараа буюу өчигдөр сурвалжилга мэдээлэл бэлтгэхээр тус фитнессийг зорьсон юм. Харамсалтай нь биднийг очиход, хүүхдийн өрөө эзэнгүй, хоосон байлаа. Ээжүүд хэдүүгээр ирэх талаар "BAR86" фитнессийн захирал Г.Баярмагнайгаас тодруулахад, "Бидний ажил дөнгөж эхэлж байна. Одоогийн байдлаар манайд явахаар бүртгүүлсэн хүн байхгүй ч хэсэг хугацааны дараа тохижуулсан өрөө хүүхдүүдээр дүүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Ээжүүдэд фитнессийн хувцсаа бэлдэх цаг хэрэгтэй болов уу" хэмээн онцлов.

Мөн тэрбээр, “Энэ үйлчилгээ ашгийн төлөө бус нийгмээ эмчлэх гэсэн жижигхэн санаа гэдгийг онцолж хэлмээр байна. Бид хүүхэдтэйгээ ирсэн ээжүүдийг бүртгэхдээ үндсэн үнийн дүнгээс нь 50 мянган төгрөг хөнгөлж, төлбөрийг 250 мянган төгрөг болгож байгаа. Энэ үнэд хүүхэд харах үйлчилгээ, ээжийг дасгалжуулах хувийн багш хүртэл багтаж байгаа. Бид гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн сэтгэлд гэрэл асааж, бага ч болов дэмжихийг хүссэн. Мэдээж ганцхан манайх ийм үйлчилгээ нэвтрүүлээд бүх ээжүүдэд хүрч ажиллаж чадахгүй. Бусад газрууд ч гэсэн ийм үйлчилгээг нэвтрүүлээд илүү гоё болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хүүхдүүд тоглоомын өрөөнд тоглож байх хугацаанд ээжийнхээ бэлтгэл хийж байгааг харах, ээж хүүхдээ юу хийж байгааг хянах боломжийг бүрдүүлж, тусгаарлалтыг зузаан шилэн ханаар шийджээ. Мөн хүүхэд харах хүнийг сонгохдоо мэргэжлийн цэцэрлэгийн багш байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан учраас ээжүүд ямар ч айдасгүйгээр бэлтгэл сургуулилтаа төвлөрч, санаа амар хийх боломжтой гэдэг нь тодорхой харагдаж байсан гэдгийг эцэст нь онцлоё.

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлнэ
Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлнэ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.