Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлнэ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 25 секунд

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Санхүүгийн зохицуулах хороо Улаанбаатар хотод бонд гаргах зөвшөөрөл олгосон. Монголчууд хотын бонд гэж өмнө нь сонсож байгаагүй. Тэгэхээр хотын бонд гэж юу болох талаар яриагаа эхэлье.

-Бонд бол хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн нэгэн үр ашигтай хэрэгсэл юм. Ийм ч учраас санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн улс орон, бизнесийн байгууллагууд төдийгүй Засгийн газар, хот орон нутгийн засаг захиргааны нэгжүүд бонд гаргаж, томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, хөгжлөө хурдасгадаг туршлагатай. Хот болон орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн гаргадаг бондыг municipal bond буюу орон нутгийн бонд гэж нэрлэдэг. Хамгийн анхны орон нутгийн бондыг Нью-Йорк хот 1812 онд сувгийн санхүүжилт босгох зорилгоор гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн бүх л томоохон хот энэ жишгийг дагаж, өсөж хөгжсөөр ирсэн. Жишээлбэл, Сан Франциско хотын нэрийн хуудас болсон Golden Gate гүүрний санхүүжилтийг бонд босгох замаар шийдэж байсан. Орон нутгийн бонд нь засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаас юм.

-Улаанбаатар хот яагаад бонд гаргах шийдвэр гаргасан бэ?

-Нийслэлийн удирдлага илүү үр ашигтай санхүүжилтийн хэрэгсэлтэй болох, тэр нь бонд байх талаар 20-иод жилийн өмнөөс сонирхож эхэлсэн юм билээ. Тухайн үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага ч нийслэл санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж, өсөж хөгжих ёстой. Үүний тулд бонд гаргах хэрэгтэй гэж зөвлөж байсан байдаг. Гэвч тухайн үед хууль эрх зүйн орчны зохицуулалт байсангүй. Тэгвэл энэ үеийн Засгийн газар, хотын удирдлагын хүчин чармайлтаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд буюу анх баталснаас нь хойш 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Ингэснээр нийслэл үнэт цаас гаргах боломжтой болсон. Үүнээс хойш нийслэлийн удирдлага хотын түүхэн дэх анхны бондыг гаргахаар хоёр жил орчим ажилласны эцэст Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах зөвшөөрлөө авлаа. Ингэснээр Улаанбаатар хот санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж, илүү том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын хөгжил дэвшил чухал нөлөө үзүүлнэ. Орчин үеийн метрополитан хотуудын жишгээр хөгжихийн тулд тэдний ашигладаг, үр ашигтай санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах ёстой. Ийм ч учраас бид Улаанбаатар хот бонд гаргаж буй үйл явцыг түүхэн үйл явдал гэж харж байна.

-Хотын бондыг хэрхэн зарцуулах вэ?

-Нийслэл хотын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн зорилтуудад туссан чиглэлүүдэд хөрөнгө оруулах болно. Нийслэл Улаанбаатар хот одоог хүртэл жил бүрийн төсвөөрөө асуудлаа шийдэхийг зорьсоор ирсэн. Гэвч энэ нь иргэдийн өмнө тулгамдсан асуудлаа үндсээр нь шийдэхэд хангалтгүй байна. Иймээс Улаанбаатар хотын бонд гаргаснаар богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм. Хот бонд гаргаж байгаа нь цэвэр санхүүгийн үйл явц. Ийм учраас бусад бизнесийн байгууллагын нэгэн адилаар төсвийн зарцуулалт нь илт тод байна. Тодруулж хэлбэл, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын хяналт дор ажиллахаас гадна зарцуулалтын тайланг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх болно.

-Улаанбаатар хотын бондын хөрөнгө оруулагч нарт ямар давуу тал амлаж чадах вэ?

-Нэгдүгээрт, хотын бонд санхүүгийн зах зээлд нэлээд эрэлттэй бүтээгдэхүүн байх болно гэж харж байна. Бондын өгөөж боломжийн түвшинд байхаас гадна найдвартай байдлын хувьд өндөр түвшинд байх нь тодорхой. Нөгөө талд бондын зарцуулалт нь нийслэл хотоо улам илүү сайхан, амьдрахад таатай болгоход зарцуулна. Тэгэхээр Улаанбаатар хотын бонд зөвхөн хөрөнгө оруулагч нарт төдийгүй нийслэл хотын иргэн бүрт үр өгөөжөө өгнө. Хоёрдугаарт, би өмнө нь хэлсэнчлэн орон нутгийн бонд нь Засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаас. Гуравдугаарт, Монголбанкны бодлогын хүү сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд буюу 13 хувьтай байна. Бондын өгөөжийг бодлогын хүүтэй уяж шийдэж байгаа нь хөрөнгө оруулахад таатай байна.

-Та Улаанбаатар хотын бондын эргэн төлөлт нь найдвартай гэж хэллээ. Тэгвэл эргэн төлөлтийг хэрхэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бондын эргэн төлөлт нь ирэх жилүүдийн төсөвт шууд тусах болно. Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан байгаа. Нийслэл бол өөрөө орлого олж, орлогоороо зардлаа санхүүжүүлдэг. Нийслэлийн орлого өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2022 онд нийслэл 1.9 их наяд төгрөгийн орлого олж, 1.5 их наяд төгрөгийн зардалтай ажилласан. Тэгэхээр Улаанбаатар хот бондын эргэн төлөлтийг санхүүжүүлээд явах бүрэн чадвартай. Мөн бид дотооддоо өрийн удирдлагын чадавхиа сайжруулах, урсгал зардлыг хэмнэх бодлого баримталж байна.

-Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын бондыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан чиглэлийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт байсан. Иймээс Засгийн газар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Улаанбаатар хот санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болох, анхны бондоо гаргахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын энэ дэмжлэгийн хүчинд олон жил санаа байсан Улаанбаатар хотын бонд өнөөдөр ажил хэрэг болоод байна.

-Хотын бондод хөрөнгө оруулахаар төлөвлөж буй иргэд болон байгууллагуудад бондын нөхцөл, хугацаа зэргийг танилцуулна уу?

-Бондыг худалдан авч хөрөнгө оруулахаар сонирхож буй олон иргэн, санхүүгийн байгууллагууд сонирхлоо илэрхийлж байна. Мөн тус бонд нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын анхаарлыг ихээр татаж, яриа хэлцлүүд үргэлжилж байна. Улаанбаатар хотын бондыг олон нийтэд танилцуулж, Хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд нь үндсэн андеррайтераар 31 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхдагч, мэргэжлийн, туршлагатай “БиДиСек”, дэд андеррайтераар салбартаа тэргүүлэгч, нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд болох “Ти Ди Би секьюритиз”, “Голомт капитал” компани ажиллаж байгаа. Иймээс иргэд олон нийтийг дээрх андеррайтеруудад хандаж бондын хугацаа, дүн зэрэг мэдээллийг авч, хотыноо хөгжилд оролцож, хөрөнгө оруулахыг урьж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Т.Мөнхсайхан: Манай улсын согтууруулах ундааны хэрэглээ 12.5 хувиар буурчээ
Т.Мөнхсайхан: Манай улсын согтууруулах ундааны хэрэглээ 12.5 хувиар буурчээ
 
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.