Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан өчигдөр /2020.07.21/ “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”-ийн багийнхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явц, байдалтай биечлэн танилцлаа.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн юм.
“Ногоо нуур 1008 айлын орон сууц” төслийн зохицуулагч Л.Ганбаатар Барилга, хот байгуулалтын яам 2019 оны нэгдүгээр сард төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулсан. Өнөөдрийн байдлаар төслийг хэрэгжүүлэх нэгж үндсэндээ газар чөлөөлөлтын асуудлаа шийдвэрлэж, ажилчдын байр, оффис барих зэрэг хүлээсэн үүрэгт ажлуудаа хийж дуусгах гэж байна гэлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо бол Улаанбаатар хотын төв хэсэг. Чухал цэг гэсэн үг. Энэ ч үүднээсээ Монгол Улсын Засгийн газар иргэдээ хямд, түрээсийн орон сууцаар хангах бодлогын хүрээнд энэ төсөл маш чухал ач холбогдолтой. Удахгүй төслийг барих компанийг шалгаруулж, ажлыг эрчимтэй явуулах болно гэв.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн хүрээнд 21 давхар, 8 блок байр баригдахаас гадна 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм байна.