Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой автозамын түгжрэл эрс нэмэгдэж нийслэл тэр аяараа тэг зогсолт хийдэг. Энэ жил нийслэлийн зүгээс авто замын түгжрэлийг бууруулахын тулд наймдугаар сарын 27-ноос эхлэн 20 хоногийн турш авто машиныг тэгш сондгой дугаараар зорчуулах шийдвэр гарсан.
Тэгвэл уг шийдвэр есдүгээр сарын 14-нөөс дуусгавар болж байна. Өнгөрсөн 20 хоногийн турш Улаанбаатар хотын түгжрэл буурсан эсэх, тоо баримтад тулгуурласан бодит үр дүнгийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, бодлогын хэлтсээс тодрууллаа.
"Дугаарын хязгаарлалт хийснээр автозамын түгжрэл 33 хувиар буурсан"
Дээрх зохицуулалт дууссанаар нөгөө л нэг замын түгжрэл эргэн ирнэ. Тиймээс нийслэл болон замын хөдөлгөөний бодлого зохицуулалтын газраас түгжрэлийн эсрэг авах дараагийн арга хэмжээ юу вэ гэдэгт иргэд анхаарлаа хандуулж байна.
Олны эсэргүүцэлтэй нүүр тулсан 20 хоногийн автомашины дугаарын хязгаарлалт нь түгжрэлийг 33 хувиар бууруулсан байна.
Тодруулбал дугаарын хязгаарлалт үйлчилж эхлээгүй байх үед амралтын өдөр түгжрэлийн түвшин 75-80 хувь ,ажлын өдрүүдэд 86-92 хувийн хооронд хэлбэлздэг байсан. Дугаараар хязгаарласны дараа энэ тоо 52 хувь болсон үзүүлэлт гарчээ.
-Тээврийн хэрэгслийн тоо 30 хувиар буурсан-
Дээрх зохицуулалт үйлчилснээр тээврийн хэрэгслийн тоо 30 хувиар буурчээ. Уг нь бол 50 хувиар буурах ёстой. Үүний шалтгаан нь бүсчлэлд байгаа хөдөлгөөний масс бүртгэлийн камерт өртөх магадлал муу байснаас болсон гэж үзжээ. Мөн зам тээврийн ослын тоо өнгөрсөн 20 хоногт тодорхой хэмжээгээр буурсан тоон мэдээлэл байна.
-Түгжрэлийн эсрэг ямар ч АРГА ХЭМЖЭЭ авсан хэн нэгний ЭРХ АШИГ зөрчигдөнө-
Хөдөлгөөн гэдэг зүйлийг зохицуулахад заавал хязгаарлалт хийдэг. Энэ нь хэн нэгний эрх ашгийг заавал хөндөж байдаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс түгжрэлийн эсрэг авах арга хэмжээ эмзэг сэдэв болдог аж. Тэгш, сондгой дугаараар зорчуулах зохицуулалт үр дүнгээ өгсөн тул нийслэлийн зүгээс дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Хамгийн эхэнд хийх ажил нь Механик инженерийн сургуулийн эргэлтийн замын түгжрэлийг шийдэх аж.
Аливаа шинэчлэлт зохицуулалтыг хийхдээ иргэдэд сайтар ойлгуулж түгээн дэлгэрүүлэх тал дээр нийслэл анхаарч ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах зохицуулалтад иргэд, жолооч , цагдаа нарын хооронд үл ойлголцох асуудал тулгардаг. Тиймээс аливаа шийдвэрт хүлээцтэй хандаж харилцан ойлголцол өгч байж сая нэг үр дүн гарна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, бодлогын хэлтсийн дарга Н.Намуу хэллээ.