Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Бодь интернэшнл ХХК-д төлөх төлбөрийг нүүрсээр барагдуулахдаа үнийн хөнгөлөлт үзүүлэх замаар давуу байдал олгосон байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй

Огноо
Унших
4 минут 59 секунд

Нүүрсний гэх тодотголтой хэрэг олон нийтийн анхааралд орсон үеэс эхлэн "Эрдэнэс тавантолгой" ХК-д хөндлөнгийн аудит оруулж, өнгөрсөн хугацаанд "бугшсан" алдаа завхралыг гаргах шаардлагатай хэмээн олон нийт шаардаж байсан. Үүнтэй холбогдуулан аудитын байгууллагаас тус компанийн таван жилийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг. Тэгвэл Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд ямар алдаа зөрчлүүд илэрч байсан талаар бид бэлтгэн хүргэж байна.

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой

-464.5 мянган тонн эрчим хүчний нүүрсийг өртгөөс бага үнээр борлуулсан-

2020-2021 онд 464.5 мянган тонн эрчим хүчний нүүрсийг өртгөөс бага үнээр борлуулсан байна. Энэ нь нүүрс баяжуулах үйлдвэр байхгүй, тээвэрлэх дэд бүтэц хөгжөөгүйгээс холбоотойгоор эрчим хүчний нүүрсийг ашигтай байхаар борлуулах боломжгүй байдалд хүргэсэн байна.

-Нүүрсээр төлбөр барагдуулж байгаа нь компанийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэлтэй байна-

Эрдэнэс-Тавантолгой ХК борлуулалтын орлогын тодорхой хувийг нүүрсээр төлбөр барагдуулахад зарцуулсан нь компани мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэлтэй хэмээн дүгнэж байжээ. Тодруулбал, 2020 онд 31.0, 2021 онд 39.8, 2022 онд 22.2 хувийг нүүрсээр төлбөр барагдуулахад зарцуулсан аж. Энэхүү нөхцөл байдалд үүсч буй эрсдлийг харгалзан үзэж төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар ч аудитын тайланд дурджээ.

-Бодь интернэшнл ХХК-д үнийн хөнгөлөлт үзүүлэх замаар давуу байдал олгосон байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй-

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх гэрээ”-ээр гүйцэтгэгчид дараах давуу байдал олгосон байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй хэмээн дурджээ. Үүнд:

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний хавсралт “В” болох ЭрдэнэсТавантолгой ХК болон Бодь интернэшнл ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг үндэслэн Бодь интернэшнл ХХК-д төлөх төлбөрийг түүний сонгосон нэрлэсэн худалдан авагчтай нүүрс борлуулах гуравласан гэрээ байгуулж, нүүрсээр төлж байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний 3.3.1-д “Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардагдах 682,199,507 ам.доллар буюу мөнгөн хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлнэ. Хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө” гэж үнийн хөнгөлөлт үзүүлэх замаар давуу байдал тус тус олгосон байж болзошгүй байна.

-ЭТТ ХК-ийн охин компанийг байгуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй 48.1 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан-

Засгийн газрын шийдвэрийн дагуу охин компанийг байгуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй 48.1 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан талаар тайланд дурджээ. Тодруулбал, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн судалгааны үндсэн дээр Хонконгийн хөрөнгийн биржид 2020 оны эхний хагас жилд багтаан үнэт цаас гаргахаар төлөвлөн ЭрдэнэсТавантолгой Майнинг ХХК-ийг байгуулсан ч тухайн биржээс тавьдаг сүүлийн гурван жил санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан, менежментийн ямар нэгэн өөрчлөлт ороогүй байх зэрэг шаардлагыг уг компани хангаагүй аж. Ийнхүү Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсоноор Эрдэнэс-Тавантолгой Майнинг ХХК татан буугдсан байна. Эрдэнэс-Тавантолгой Майнинг ХХК-д Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааны орлогоос 2019 онд 26.7 тэрбум, 2020 онд Цанхийн зүүн уурхайн нүүрсний борлуулалтаас 129.9 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төвлөрүүлсэн байна.

Хүний гавьяат эмч П.Батчулуун: Сайхан сэтгэл гаргаж донор болгохыг зөвшөөрсөн гэр бүлийн гишүүдээс нь уучлал хүсэж байна
Хүний гавьяат эмч П.Батчулуун: Сайхан сэтгэл гаргаж донор болгохыг зөвшөөрсөн гэр бүлийн гишүүдээс нь уучлал хүсэж байна
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.