Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Засгийн газрын стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэх тухай журмыг өнөөдөр баталж тогтоол гарлаа. Үүнд, гурил, улаанбуудай, сүүл, ус зэрэг багтдаг. Тиймээс энэ нөөцийг бүрдүүлэх хангалттай боломжтой. Энэ журмаар нийслэлийн болон орон нутгуудын шат шатны дарга нарт нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, үнийг тогтвортой байлгах зэрэг үүрэг өгч, даалгасан байгаа.
Гурил бол Монголчуудын хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн. Өнгөрсөн жилийн хувьд дотоодын улаанбуудайг борлуулж дуусаагүй байхад гаднаас улаанбуудай оруулахыг хориглосон. Тиймээс энэ зун ч мөн гаднаас улаанбуудай ороогүй. Үнийн хувьд Засгийн газраас үнэ тогтоох боломжгүй. Зах зээлийн журмаар өсдөг. Гэхдээ энэ жилийн хувьд ургац хангалттай байгаа учир үнийн хувьд хэт их өсөхгүй байх гэж харж байна.
Үхрийг бүртгэлжүүлэх ажлыг ирэх хавраас хийнэ. Энэ жилийн төсөв дээр үхрийн ээмэгжүүлэлтийн төсөв байхгүй байсан. Ирэх жил 4 тэрбум орчим төгрөгийг төсөвлөж байгаа. Ингэхдээ 5-6 аймгуудаар эрүүл бүс байгуулж байж цаашид мал, махаа гаргах ажил хийгдэнэ" гэв.