Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр иргэд Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүллээ.
Иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Баянжаргалан сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэх, Дэл, Хөнжлийн уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.