Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаараа бусдаас ялгарч, чихэнд чимэгтэй, донжтой хоолойгоороо кино сонирхогчдыг өөртөө татсан бүсгүй бол яах аргагүй "Alimaa's movie guide"-ийн Алимаа. Түүнийг П.Хишигбуян гэдэг ч та бид бүгдээрээ "Алимаа" гэдгээр нь сайн танина. Хэсэг хугацаанд тэрбээр өөрийгөө сошиал орчноос тусгаарлан, "movie guide"-аа ч зогсоосон байсан бөгөөд олон үзэгчид түүнийг хайж бас кино товчлолыг нь ч хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Ubn.mn сайт энэ удаагийнхаа UbnStory булангийнхаа зочноор түүнийг урин оролцуулж, сүүлийн үеийн сонин сайхан хийгээд бусад сонирхолтой асуудлаар хэсэг хором ярилцсан юм.
-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд юун түрүүнд баярлалаа. Сүүлийн үед их нам, жим байх шиг байна?
-Өмнө нь хүмүүст контентуудаараа их хүрдэг байсан бол сүүлийн үед их нам гүм амьдарч байна. Ямар сайндаа л гадаа гудамжинд таарсан хүмүүс "Хүүе чи амьд юм уу", "Филиппинд байгаа биш билүү" гээд л их гайхаж байна лээ.
Гэхдээ одоогоор "Mplus, Mmusic"-т content creator хийж байгаа.
-Хэзээ Монголд ирсэн юм бэ?
-Монгол ирээд удаж байна. Өнгөрсөн арван хоёрдугаар сард ирсэн. Сошиал дээр тийм ч их нээлттэй байхаа больчихсон болохоор хүмүүс сайн мэдэхгүй байх шиг байна.
-Яагаад сошиал орчинд идэвхгүй болчихсон юм бэ. Хүмүүс ч их гайхаж бас зарим нь таныг хайж байх шиг байна?
-Сошиалд байнга идэвхтэй байх нь нэг талаараа стресстэй шүү дээ. Яах вэ зарим тохиолдолд давуу тал бий ч нөгөө талаараа сөрөг талууд ч бий. Ялангуяа массын хандлага тэр дундаа шүүмж их хэцүү байдаг. Тэр болгоноос залхчихсан учраас нэг хэсэг нам гүм байгаа. Зарим хүмүүс намайг жирэмсэн болчихсон юм уу гээд асуугаад байна лээ. Үгүй шүү. Би амьд байгаа шүү.
-"M Plus", "M Music"-т хэзээнээс ажиллаж эхлэв?
-Би өөрөө "M Plus"-ийн улаан фен хэрэглэгч байсан юм. Миний хувьд кино үзэхээс гадна ном унших маш их дуртай. Бараг л номын хорхойтон. Гэтэл 2023 оны нэгдүгээр сард надад ажиллах санал ирээд, өөрийнхөө дуртай зохиолчидтойгоо уулзах боломжтой болсон. Энэ нь ч надад маш их таалагдсан.
-"Content creator" хийж байгаа гэсэн шүү дээ. Яг ямар чиглэлээр төлхүү ажиллаад байна?
-Ёстой янз бүрийн сонирхолтой ажил хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд "Book Guide" хийж байгаа. Өмнө нь кино сонирхогчдод кино тайлбарлаж өгдөг байсан бол одоо ном сонирхогчдод ном тайлбарлаж өгдөг ажил хийж байна.
Яг ингээд бодохоор би ер нь л царайгаа гаргах дургүй хүн юм билээ. Царайгаа гаргаад ирэхээр л хүмүүсийн хандлага сөрөг болоод ирж байгаа юм шиг санагддаг юм.
-Яагаад?
-Анхнаасаа "Alimaa's Movi Guide" царайгаа гаргаагүй эхэлчихсэн. Гэтэл хүмүүс "Алимааг маш сайхан эмэгтэй байгаа" гээд төсөөлчихсөн байсан юм шиг байна лээ. Даанч тэр үнэлэмжид нь тэнцээгүй юм болов уу даа. Тиймээс би ер нь л царайгаа гаргах дургүй байдаг юм.
-Хоолой брэнд болж болдог бол таны хоолой брэнд болчихсон байх. Зарим радиогийн хөтлөгчдийн хоолой сэтгэлд хоногшчихсон байдаг шиг "Алимаа"-ийн хоолой ч мөн адил хүмүүсийн сэтгэлд үлдчихжээ?
-"Алимаа" болохоосоо өмнө хааяа нэг өгүүллэг уншдаг байсан юм л даа. Тэгтэл тэр маань хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Түүнээс гадна би өөрөө кино үзэх хоббитой. Тэгээд л кино ярьж эхэлсэндээ. Харин хоолойны хувьд бэлтгэл хийсэн удаа байхгүй ээ. Хүмүүс ч гэсэн надаас "Яаж гоё хоолойтой болох вэ" гээд асуугаад байдаг юм. Бараг л "Яаж өндөр болох вэ" гэдэгтэй адилхан байлгүй дээ.
-Төрөлхийн өгөгдөл гэж байна шүү дээ?
-Тийм шүү. Цаанаасаа заяасан өгөгдөл л байх.
-Энэ ташрамд таны өмнөх ажлыг дурсахгүй байхын аргагүй. Таны хувьд яагаад "Tippy Top"-оос гарсан юм бол. Магадгүй энэ асуултын хариуг мэдэхийг хүсэж байгаа олон хүн байгаа байх. Мөн таныг гарснаас хойш бусад гишүүд ч мөн нэг нэгээрээ гарцгаах шиг боллоо?
-Тухайн үеийн процессыг ярьж болох эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ яг тэр үед сонгуулийн сурталчилгаа байгууллага дээр ирсэн. Уг нь би дуртай ажлаа хиймээр байдаг гэтэл компани маань захиалга авчихсан байдаг. Бүр "Alimaa's movie guide" дээрээ сонгуулийн сурталчилгаа оруулаад хүмүүсээс янз бүрийн нэр, хоч зүүсэн.
Тэгээд л хичнээн дуртай ажил минь байлаа ч гэсэн хувь хүний үзэл баримтлалтай маань зөрчилдсөн учраас ажлаасаа гарсан.
Харин бусад гишүүд маань яагаад гарсныг сайн хэлж мэдэхгүй юм. Магадгүй тэр хүмүүст ч гэсэн өөрсдийн гэсэн шалтгаан байсан байх. Одоо бүгд хувь, хувийнхаа ажлыг хийгээд явж байгаа.
-Таны хувьд тун удахгүй "Alimaa's movie guide"-аа үргэлжлүүлэх гэж байгаа гэсэн шуум явж байсан. Үнэн үү?
-"Alimaa's movie guide"-аа үргэлжлүүлээч ээ, киногоо үзмээр байна гэсэн сэтгэгдлүүд маш их ирсэн. Гэхдээ яг дахиад эхэлье гэхээр нэгдүгээрт кино яриагүй удчихсан байна. Мөн түр завсарласан байсан тэр хугацаанд кино ярьдаг олон залуу шинээр гараад ирсэн байна. Тэгээд л хүн чинь цаанаасаа айдас мэдэрдэг болчихдог юм билээ.
"Би киногоо ярьсан ч гэсэн хүмүүс үзэх болов уу. Энэ олон өрсөлдөгчид байхад би гарч ирэх хэрэг байгаа юу үгүй юу" гээд л маш олон бодол толгойд эргэлдээд л, их бодож байсан юм.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө би нэг таксинд суугаад гэр рүүгээ явтал таксины жолооч ах намайг харснаа,
"Чи чинь нөгөө манай Алимаа байна шүү дээ. Яагаад киногоо хийхгүй байгаа юм бэ" гээд асуусан юм. Тэгэхээр нь би, "Зөндөө олон кино хийдэг залуус байхад би кино ярих хэрэг байна уу даа ах аа" гэтэл "Юу ярьж байгаа юм. Чиний өөрийн чинь өнгө төрх, онцлог гэж байдаг биздээ. Одоо эхнэр бид хоёр үзэх юмгүй болчихоод байна" гээд л чин сэтгэлээсээ хэлсэн юм.
Тэр ахыг маань н.Энхбат гэдэг байсан юм билээ. Тиймээс таксины жолооч ахдаа зориулаад КИНОГОО ДАХИН ЯРИНА.
-Хугацааны хувьд тогтсон зүйл бий юу?
-Айдсаа даван дийлчихсэн юм чинь удахгүй байх гэж бодож байна.
-"Alimaa's movie guide"-ийг хийхэд хамгийн түрүүнд тухайн киноны үйл явдлыг хураангуйлан найруулж бичих нь чухал байсан байх. Түүний дараа текстээ өөрийн донж, хэв маягт тохируулан унших байдаг болов уу гэж бодож байна. Ер нь үйл явдлын найруулгыг хэн бичдэг байсан юм бэ. Та өөрөө бичдэг байв уу эсхүл тусдаа зохиолчид байдаг байв уу?
-Анх "Alimaa's movie guide" гарч эхлэхэд зохиолоо өөрөө бичээд хоолой унших ажлаа хийдэг байсан. Харин түүний дараа эвлүүлэгчдээ өгдөг байсан юм. Бараг л эвлүүлэгч бид хоёр хоёулаа киногоо үзчихсэн байхад movie guide маань гараад ирдэг байсан даа.
Гэвч жилийн дараа би "Tippy тop"-д жүжигчнээр ажилладаг байсан учраас завгүй болоод зохиолчтой болсон. Заримдаа долоо хоногт хоёр кино орох ёстой бол нэг зохиолоо би өөрөө бичээд нөгөө зохиолыг маань зохиолч бичдэг болсон.
-"Alimaa's movie guide" бол бас нэг контент шүү дээ. Магадгүй энэ контент нь "Tug network"-ийн бүтээл байсан юм уу эсхүл таны өөрийн тань үндсэн контент юм уу?
-Ажилд орсон эхний өдрөө "Alimaa's movie guide"-г хийсэн учраас тухайн пэйж хуудас нь байгууллагын өмч. Тиймээс миний хувьд одоо үргэлжлүүлэх "Alimaa's movie guide"-аа цоо шинээр нь буюу бүр 0-ээс нь эхлүүлнэ.
Шинэ пэйж нээж, шинээр нь хөгжүүлнэ гэсэн үг. Бас эдитор буюу эвлүүлэгч хамгийн их хэрэгтэй. Гэхдээ эвлүүлэгчээ олсон. Маш их зүйл ярилцсан байгаа.
-Таны хувьд удаан хугацааны дараа "Alimaa's movie guide"-аа эхлүүлэх гэж байгаа шүү дээ. Магадгүй энэ хугацаанд үзэж байгаа кино бүрээ ингэж яривал гэж их бодож байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд цуврал кино их үзэх дуртай. Тийм ч учраас цуврал кинонуудаа аль болохоор яримаар санагдаад байдаг юм. Даанч харамсалтай нь олон ангитай киног үзэхэд, зохиолыг нь бичиж найруулахад цаашлаад эдит хийхэд маш их цаг хугацаа шаарддаг. Тиймээс нэг ангитай кино ярих нь илүү амар байдаг юм.
Түүнээс биш яг сонирхлоороо кино яръя гэвэл олон ангитай кино яримаар байдаг юм.
-Магадгүй өөрт тань маш их таалагдсан олон ангит кино байвал түүнийгээ хураангуйлаад тайлбарлахыг үгүйсгэхгүй юм?
-Мэдээж тийм шүү.
-Таныг англи хэлний багш мэргэжилтэйг хүн бүр мэдэх байх. Гэхдээ та заримдаа "Би англи хэлний багшаар ажиллаж байсан бол өнөөдөр ямар байх байсан бол" гэдэг бодол төрж байв уу?
-Яг ийм бодол хамгийн анх "Tippy Top"-д байхад их бодогддог байсан юм. Хүмүүсийн хэт их шүүмжилсэн сэтгэгдлүүдийг уншаад сууж байхдаа л тийм бодол төрөөд, ширээгээ дэрлээд уйлдаг байлаа. Гэхдээ алийг нь ч хийсэн бай маш их аз жаргалтай амьдрах байсан байх. Би өөрөө хүүхдүүдтэй ажиллах дуртай. Гэхдээ харамсдаггүй ээ.
-Сая Филиппинд сураад ирсэн шүү дээ. Мэргэжлээ дээшлүүлэх гээд явсан юм уу?
-Үгүй ээ. Англи хэлээ эргээд санъя. Яриагаа сайжруулъя гэж бодоод аялангаа сурчихаад ирсэн. Англи хэл бол хэдийнээ хэрэглээ болчихсон шүү дээ.
-Таны тухай тэр дундаа таны гэр бүлийн тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй нэг мэдээлэл явдаг шүү дээ. Тэр мэдээлэл ер нь үнэн юм уу эсхүл хэн нэгний санаанаас гарсан зүйл байсан юм уу?
-"Чойронгоо" гэдэг пэйж хуудас байдаг шүү дээ. Хүмүүс өөрсдийнхөө амьдралыг ярьж, сэтгүүлч нь найруулж бичдэг. Тэгээд л амьдралынхаа нэгээхэн түүхийг ярьтал Чойронгоо бүү хэл шар мэдээллийн сайтуудаар маш их тархсан. Гэхдээ зүгээр дээ. Угаасаа л үнэн юм хойно.
Хүмүүс ч бас энэ талаар надаас маш их асуудаг юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчид болон үзэгчдэд хандаж үг хэлэхгүй юу?
-Тун удахгүй та бүхэнтэйгээ эргэн уулзах байх. Алимаагаа хүлээж байгаа хүмүүс байвал удахгүй "Alimaa's movie guide"-аараа уулзъя.