Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2018 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Дархан-Уул, Дундговь, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж, өнөөдөр Дундговь аймгийн төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд холбогдох яамд, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг хангах асуудал Засгийн газрын бодлогын төвд байдаг чухал асуудлуудын нэг гэдгийг онцолж, энэ хүрээнд Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж буй гол бодлого, арга хэмжээний талаар товч дурдаж, цаашид эдгээр иргэдэд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргахаа илэрхийлэв.
Дундговь аймагт нээлтээ хийсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь иргэд өөрт хэрэгтэй байгаа үйлчилгээг өөрийн орон нутагтаа аливаа саад бэрхшээлгүйгээр, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хэмнэлттэйгээр, хүртээмжтэй авах боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд аль болох амьдралынх нь эрт үед хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хувь хүний онцлог, амьдралын хэв маягт тохирсон туслах бүтээгдэхүүнээр хангах, бие даан амьдрах чадварт сургаж, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засахын тусламж үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд бусдын адил идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэн ажил орлоготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм.