Цахим орчинд нэгэн иргэн "Түргэн тусламжийн машинд зам тавьж өгсөн боловч, найр хуримд оролцох гэж буй хүн болон айраг гарч ирлээ. Түргэний тэргийг зориулалтын дагуу ашигламаар байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал,
"Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.
Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.
Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ”бичиглэлтэй, хоёр талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.
Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрт эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.
Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна" гэжээ.