Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Алтангэрэл: Бондоо энэ сардаа багтааж хөрөнгийн бирж дээр гаргахаар нийслэл ажлуудаа бэлтгэж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
13 минут 9 секунд

Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөж хоёр хоногийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авсан билээ. Тэгвэл нийслэлээс бонд гаргах асуудалд ямар төлөвлөлтийг хийгээд буй талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Нийслэл бонд гаргах зөвшөөрлөө авчихлаа. Ер нь өнгөрсөн хугацаанд бонд гаргах тал дээр ямар бэлтгэл ажил, төлөвлөлтүүдийг нийслэлээс хийв?

-2021 оны долоодугаар сарын 1-нд батлагдсан нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бонд гаргаж болно гэсэн зохицуулалт орж ирсэн. Үүнд үндэслэн бонд гаргах асуудлаар өнгөрсөн хугацаанд Сангийн яам болон бусад байгууллагуудтай уулзалт хийсэн. Анх удаа хийгдэж байгаа ажил учраас төрийн захиргааны төв байгууллагуудад ч тодорхойгүй асуудлууд үүсч байсан. Гэхдээ ажлаа нэлээн эрчимжүүлсэн. Энэ оны тавдугаар сараас Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Нийслэлийн эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан түр орлогч Ж.Сандагсүрэн ахалж буй. Үүний хүрээнд Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжинд заасан шаардлага, шат дамжлагуудын ард гарсаны үндсэн дээр одоо албан ёсоор олон нийтэд санал болгох бэлтгэлээ хангасан гэсэн үг.

Товчхондоо, бид 2023 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан. Энэ журмыг батлуулснаар үндсэн хаалга маань нээгдсэн гэсэн үг. Дараагаар Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу ИТХ-ын тогтоол гарсан. ИТХ-ын тогтоолоор нийслэл бонд гаргах үндсэн зарчмын дэмжлэгээ авсан гэж хэлж болно. Дэмжлэгээ аваад эргээгээд Сангийн яамны зүгээс холбогдох баримт бичигт үндэслэн нийслэл 500 хүртэлх тэрбум төгрөгийн бонд гаргаж болно гэх дүгнэлтийг өгсөн. Дүгнэлтэд үндэслэн бондын асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Засгийн газраас зөвшөөрлөө авсны дараагаар ИТХ-ын тогтоол гарч өнгөрсөн наймдугаар сард гарч албажсан. Тогтоолд үнэт цаас гаргахтай холбогдуулан нийслэлийн төсөвт тодотгол хийсэн. Тухайн төсвийн тодотголоор нийслэлийн үнэт цаасаар санхүүжих төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан.

Үндсэндээ бонд маань өөрөө шинэ эх үүсвэр. Гэхдээ эргээд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт гэдэг агуулгаараа тухайн төсөл арга хэмжээнд тавигдах бүх шаардлагыг хангаад явах ёстой.

-Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон зөвшөөрлийн тухайд?

-Санхүүгийн Зохицуулах хорооноос бондын дээд хэмжээ буюу 500 тэрбум төгрөг хүртэлх бонд гаргахыг зөвшөөрч, бүртгэж авах шийдвэрээ гаргасан. Бондын хөтөлбөрийг баталсан гэсэн үг. Хөтөлбөртөө үндэслэн нийслэлээс үе шаттайгаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээ өгч, хөрөнгийн бирж дээр зарлуулаад явах боломж нээгдсэн гэсэн үг.

-500 тэрбум төгрөгийн бонд босгоно гэдгийн цаана ямар тооцоолол явсан хэрэг вэ?

-Улсын төсөвт нийслэл төсвийн орлогоосоо тодорхой хувь хэмжээгээр жил бүр төвлөрүүлдэг. Дунджаар 500 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд цаашдаа нийслэлийн төсөв нэмэгдээд явна гэх тооцоолол байгаа. Түүнд үндэслэн Сангийн яам төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэгт үндэслэн хотын зээлж болох хэмжээ, Засгийн газрын дотоод өрд нийцэх хэмжээг тооцоолж дүгнэлтээ гаргасан гэсэн үг.

-Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан өрийн менежмент гэдэг зүйл байх ёстой гэж харсан-

-Олон нийтийн дунд бондыг өрийн эрсдэл гэж харах нь бий. Энэ утгаараа нийслэл бонд гаргачихаар санхүүгийн хувьд ямар нэгэн хүндрэлтэй нүүр тулах вий гэх болгоомжлол одоо ч байсаар байна?

-Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан өрийн менежмент гэдэг зүйл байх ёстой гэж харсан. Өмнө Концесс болон гадаадын зээл тусламжийн төслүүдийн өрийн асуудал байсан. Гэхдээ энэ нь Засгийн газрын зээл гэдгээр явдаг байсан. Бид тухай бүрт нь төлж ирсэн. 2021 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон агентлагийн бүтцийг баталсан байдаг. Тухайн бүтцэд Өрийн удирдлагын тасгийг шинээр байгуулж, институцын тогтолцоог нь бэхжүүлсэн. Тухайн тасаг нь нийслэлийн өрийн менежментийг зөв хийх талаас нь Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай ярьж байна. Нийслэл бонд гаргах гэж байна. Үүнтэй холбоотойгоор өрийн менежментийг дараагийн шатанд гаргах, төсвийн төлөвлөлтөө сайжруулах ёстой юм байна гэдэг дээр олон улсын зөвлөх үйлчилгээ аваад явж байгаа.

-Бонд гаргана гэдгийг дагаж буй нэг шүүмжлэл бол санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд. Төсөл хөтөлбөрүүд дээрээ ямар шаардлага шалгуур тавьж оруулах юм бэ?

-Бондын мөнгө гэдэг нь тусдаа мөнгө биш. Эх үүсвэр нь л бонд. Буцаад энэ маань нийслэлийн төсөвт орж ирнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт тэр хэмжээгээрээ нэмэгдэж байна гэсэн үг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсвийг захиран зарцуулахтай холбоотой хууль журмын дагуу зарцуулалтаа хийгээд явна. Төсөл арга хэмжээний хувьд, Өрийн удирдлагын тухай хуульд нийслэл хоёр зориулалтаар л бонд гаргана гэж тусгасан байгаа. Нэгдүгээрт, тухайлсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэх. Хоёрдугаарт, өмнө гаргасан бондоо дахин санхүүжилт хийх. Мөн дотоодын зах зээлд төгрөгөөр арилжаална гээд заачихсан байгаа. Тухайлсан өрийн удирдлагын тухай хуульдаа ч гэсэн бондоор санхүүжих төсөл арга хэмжээнд тавигдах шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Тухайлбал, Засгийн газрын бодлого төлөвлөлт, бодлогын баримт бичигт туссан байна, тухайн төсөл арга хэмжээний төрлөөс хамаараад ажлын зураг төсөлтэй, ТЭЗҮ-тэй байна. Хамгийн гол шаардлага нь нийслэлийн төсөвт туссан арга хэмжээ байх ёстой.

Тэгэхээр төсөвт тусна гэдэг нь хуулиараа тодорхой шаардлагуудыг хангасан гэсэн үг.. Энэ зарчмаар төслүүдээ эрэмбэлж тамгын газарт өргөн бариад ИТХ-ын зүгээс саналыг авч батлуулсан.

-ИТХ-аар үнэт цаасны хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх 429 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан-

-Бондын хугацаа, хүү тал дээр мэдээлэл өгвөл?

-Санхүүгийн Зохицуулах хорооны тогтоол болон ИТХ-ын тогтоолд тав хүртэл жилийн хугацаатай, Монгол банкны хүү дээр нэмэх нь тав хувь хүртэлх хүүтэй, нэгж бүр нь 100 мянган төгрөг, 500 тэрбум төгрөг хүртэлх бонд гээд заачихсан. Тэгэхээр одоогийн байдлаар эхний ээлжинд гаргах бондны мэдэгдлээ Санхүүгийн Зохицуулах хороонд хүргүүлнэ. Манай андеррайтер компани шалгараад ороод ирчихсэн байгаа. Тухайн компанитайгаа хамтарч зах зээлийн хамгийн бодит хүү өгөөжийг нарийвчлан тооцоолж СЗХ-нд өгнө. СЗХ мэдэгдлийг хүлээн авч зөвшөөрлөө өгсний дараагаар арилжаагаа нээлттэй зарлана. Тиймээс наана нь хүү, эргэн төлөлтийн интервалтай холбоотой мэдээллийг хэлэх боломжгүй.

-Олон нийтийн дунд хамгийн их асууж байгаа асуулт. Бондоос бий болсон эх үүсвэрээ яг юунд, ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулах вэ?

-ИТХ-ын наймдугаар сарын 9-ний өдрийн 96 дугаар тогтоолд нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэмээн баталсан. Бонд босгох ажил Засгийн газраас шийдвэр тогтоолоо авч, процесс үргэлжилж байгаа учраас ИТХ-аар тодотгол хийсэн. Өмнө хэлсэнчлэн өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу санхүүжүүлэх төсөл арга хэмжээ нь төсөвт туссан байх ёстой. Бонд хаа хаанаа цоо шинэ зүйл. Энэ тогтоол нээлттэй байршсан байгаа учраас хэн ч харах боломжтой. Тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан. 429 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсан. Үүнээс өөр төслүүдийг санхүүжүүлнэ гэвэл СЗХ зөвшөөрөхгүй. Мөн бид хуулиараа эдгээрээс өөр төслүүд рүү мөнгө хийх боломжгүй.

Хоёрдугаарт, 500 тэрбумаар эрхээ авчихсан байгаа шүү дээ. Хамгийн ач холбогдол бүхий төслүүдээ багцалж байгаа эхний ээлжийн бондоо 250 магадгүй 300 тэрбумаар босгоно гэх мэдэгдлээ СЗХ-нд өгнө гэсэн үг.

-Энэ сардаа багтааж хөрөнгийн бирж дээр цан цохих хүлээлттэйгээр ажлуудаа шахаж байна-

-Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 45 хоног хагас коксон түлш түлэх туршилтад бондын эх үүсвэртэй 177 тэрбум төгрөгийн хөрөнгө яригдаж байгаад 32 тэрбум болж буурсан. Энэ тал дээр албажсан зүйл бий юу?

-Тийм ээ. Нийслэлийн бондоос санхүүжинэ. Гэхдээ энэ чиглэлд албажиж гарсан мэдээлэл байхгүй. Ажлын шатанд яригдаж байна.

-СЗХ-ноос зөвшөөрлөө авчихсан. Дараагийн шатанд ямар процесс өрнөх вэ?

-Үндсэн хөтөлбөрөө батлуулчихлаа. Хамгийн сүүлийн даваагаа давчихлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дараагийн үе шат бол 2023 онд босгох бондын дүн, нөхцөл, төсөл арга хэмжээгээ сонгож эцэслэсэн байдлаар СЗХ-нд мэдэгдлээ өгнө. СЗХ бүртгэж авсны дараагаар хөрөнгө оруулагчдад таниулах, сурталчилах ажил эхэлж Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй цан цохино. Бидний харж байгаагаар энэ сардаа багтааж цан цохих хүлээлттэйгээр ажлуудаа шахаж ажиллаж байна.

-Нийслэлийн гаргаж буй бонд урт хугацаандаа ямар үр өгөөжтэй юм бэ?

-Бонд гэдэг нь зээлийн хувьд зээл. Гэхдээ энэ бол гаднаас орж ирж байгаа вальютын зээл биш. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гадаад зээлийн харьцаа, вальютын ханшинд мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлэхгүй. Бонд гаргаж буйг хотын хөрөнгө оруулалтын төсвийг нэмэх, ирээдүйд магадгүй 5 аль эсвэл 6 жилийн дараа хийж болох байсан ажлын хугацааг наашлуулах буюу цаг хугацааны хувьд үнэ цэнийг наашлуулж буй хэрэг хэмээн харах нь зөв. Мөн хөрөнгө оруулалтын төсвийн суурийг нэмж буй хэрэг. Өмнө хотод нийслэлийн төсвийн эх үүсвэрээс өөр бусад эх үүсвэр байгаагүй. Энэ утгаараа анхных. Орон нутгийн анхны бонд. Олон улсын хотууд бонд гаргаад төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлдэг нийтлэг жишиг тогтсон бий. Бид дэлхийн метрополитан хотуудын санхүүгийн менежментээр хөгжлөө хангах тогтолцоонд шилжиж байна гэсэн үг. Мэдээж бидэнд сайжруулах ёстой зүйл байгаа. Өрийн удирдлага, төсвийн төлөвлөлтөө сайжруулахын тулд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлж чадавхиа бэхжүүлээд явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Дулмаа: Сайхан амьдралд хүрэхийн тулд бидний аюулгүй байдал хамгаалагдсан байх ёстой. Иймээс ҮСХ амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг эхлүүлээд байна
Ц.Дулмаа: Сайхан амьдралд хүрэхийн тулд бидний аюулгүй байдал хамгаалагдсан байх ёстой. Иймээс ҮСХ амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг эхлүүлээд байна
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц